Г.ЦОГТСАЙХАН: 1000 литр усны үнэ, нэг хайрцаг тамхины үнэтэй ижил байна
БХБЯ-ны НААИДББХЗГ-ын дарга Г.Цогтсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын "Хүний нөөцийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ тус салбарын ажилтнуудын цалин улсын дундаж цалингаас хэт бага буюу 774 мянган төгрөг байгаа нь ажиллах хүчний дутагдал үүсэх нэг нөхцөл болж байгааг тодотгосон.
Мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ тариф хямд доогуур буюу нэг хайрцаг тамхины үнэ 1000 литр усны үнэтэй тэнцэж байгааг жишээ болгон танилцуулж байлаа.
Цаашид салбарын хүний нөөцийн байдалд дүн шинжилгээ хийж судлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах, салбарын их, дээд сургууль, МСҮТ зэрэг сургалтын байгууллагуудтай боловсон хүчний бодлогоо уялдуулж, хамтран ажиллах, эрэлттэй ажил мэргэжлээр богино хугацааны сургалт, давтан сургалтуудыг явуулах, жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого баримтлах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг сануулж байсан юм.