САЙН МЭДЭЭ: Эрээнд тогтоосон хөл хориог цуцалжээ
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн түүнчлэн иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан.
Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ны өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөв.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч 20-нд хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байна.