Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова ОГТ БАЙГААГҮЙ
УИХ-аас 2022 оны төсөв батлахдаа нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.доллараар Богд Зонхова бурхны хөшөө барихаар баталсан нь шүүмжлэл дагуулж байна.
Тэгвэл тус асуудал олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ их мөнгөөр бурхны хөшөө барихын оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих ёстой хэмээн шаардаж эхлээд байна. Иймд УИХ-ын зарим гишүүд “2022 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих төсөв байгааг бид мэдээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна.
Энэ асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн Твиттер дээр ийнхүү тайлбар хийжээ.
Тэрбээр “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэжээ.