Б.Жавхлан: Жолооч нарыг уулзуулахгүйгээр Эрээнээс бараа материал татах шинэ горимд шилжинэ

2021 оны 11 сарын 17

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан хилийн боомтуудтай холбоотой шийдвэрийг танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан

 “Өнгөрсөн хоёр өдөр миний бие болон Засгийн газрын, УИХ-ын зарим гишүүн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтуудад үүссэн нөхцөл байдалтай танилцан чиглэл өгч ажиллаа.

Гашуунсухайт боомтын хувьд, 2021 оны аравдугаар сард Шадар сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаал, батлагдсан журмын дагуу Ганц мод, Гашуун сухайт боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн зохион байгуулалтад орсон тээврийн хэрэгслүүдээр нүүрс тээвэрлэн гаргаж эхэлсэн.

Ингэснээр тус боомт дээрх нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн эмх цэгцдээ орсон байна. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоног Гашуунсухайт боомтоор тогтмол 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон. Мөн өнөөдөр 600 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэн гаргажээ.

Цаашдаа энэ ажиллагаа улам тогтворжиж, сайн үр дүн өгснөөр тээврийн хэрэгслүүдийн тоог аажмаар шат дараатай нэмэх боломж бүрдэнэ. Тиймээс манайхаас ажиллаж байгаа боомтын бүрэн эрхт захиргаа Ганц мод дахь Хятадын талын боомтын захиргаатай хамтарч ажиллаж, сайн үр дүн гаргах боломжууд нээгдэнэ гэж үзлээ.

Замын-Үүд боомтын тухайд, төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гагцхүү урд хөршөөс наашаа орж ирэх бараа материал тээвэрлэх ажил зогсонги байдалтай байна. Харин урдаас тавьсан шинэ нөхцөл шаардлагуудыг бид судалж үзэхэд жолооч нарыг аль болох хооронд нь уулзуулахгүйгээр бараа материалыг чингэлгээр хилийн "0" цэг дээрээс татаж авах шинэ горимд шилжихээр хариу явуулсан.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас бараа материалыг хоёр улсын хилийн 0 цэг дээр чингэлэг бараа тавина. Үүнийг манай талаас мөн тавцанд тээврийн хэрэгслүүдээр хилийн 0 цэг рүү орж чингэлгээр татан авах шинэ горимд шилжихээр боллоо.

Эрээн хотод сүүлийн долоо хоног коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-20 хоног ажиглаад шинээр илрэхгүй бол дээрх горимоор бараа материалаа татан авна гэж харилцан тохиролцсон.

Мөн Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайт дээр барьж байгуулсантай адил чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Тодруулбал, есөн хувийн байгууллага нэгдэж улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр хийж буй уг бүтээн байгуулалтын ажил одоогоор 80 хувьтай байна. Энэ сардаа багтаж, 100 хувийн гүйцэтгэлд орох бөгөөд одоогоор Хятадын талтай хэрхэн ашиглах талаар харилцсан хэлэлцээр хийж байна.

Энэхүү терминал ашиглалтад ормогц чингэлгээр нүүрс зөөвөрлөх экспортын ажил явж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632763
0 эможи

keyboard_arrow_up