Шатахууны сав цэвэрлэж байсан гурван хүн ухаан алджээ
Шатахуун тээвэрлэгч автомашины саванд цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд золоор хүний амь нас эрсдээгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т 17:21 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн П /27 настай, эрэгтэй/ нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгчээ.