Г.Занданшатар: Чанар, стандарт, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг батлав.
Ирэх онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг байхаар баталсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Монголчууд бидний өмнө КОВИД-19 цар тахлын дараа үеийн улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилт бий" хэмээв. Ирэх оны төсөв “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” зориолтын хүрээнд дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэж байна. Ирэх онд улсын төсвөөс 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөг хуваарилсан гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд ажиллах зарчим тусгажээ. Тухайлбал, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулж, гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардлыг санхүүжүүлэхгүйг тэмдэглэв. Цаашлаад бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулахаар төлөвлөж, үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн энэ төсөвт хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж чанар, стандарт, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжих зарчим суусныг мэдэгдлээ. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх багц шинэчлэлийг энэ төсвөөр хийж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зарчмаар төсвийг баталлаа. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга дурдлаа. Байгалийн баялгийн хүртээмжийг нэмж, санхүүгийн баталгаатай “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад уг хөтөлбөрийг эхлүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтойг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, "Цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжид хамруулдаг болно. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэж, 2022 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц ажилд 420 тэрбум төгрөг тусгасан" гэв.