Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүнийг цагаатгаж, Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцлоо

2021 оны 11 сарын 10

Arslan.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, М.Тулгатын тэргүүлсэн АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны санхүүгийн байдал доголдож, энэ оны нэгдүгээр сараас хойш зээл олгоогүй, татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанкнаас хяналт шалгалт хийж байгаа тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан билээ. Ийнхүү үйл ажиллагаа нь доголдоход гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйлдэл ч нөлөөлсөн нь гарцаагүй. АТГ-ынхны шалгасан, дээрх банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдээс ийнхүү шүүх дэнсэллээ.

Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан нэр дурдсан гурван хүнийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутгасан талаар манай сонин цөөнгүй удаа мэдээлсэн. “Макс тауэр”-т байрлаж байсан тус банкныхан 2015 оны зун Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан юм. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талд, хуучнаар Хүүхдийн номын сангийн суурин дээр Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад Хөгжлийн банкныхан оффис авсан байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлаагүй аж. ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тогтоол баталж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн тэднийг яллагдагчаар татсан. Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дээрх банкны ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан бөгөөд ажиллах эрхийнх нь хугацаа дууссан атал тус зөвлөлийн хуралд оролцож, ирц бүрдүүлэн, Б.Шинэбаатар дээрх шийдвэрийг гаргахад хамтран оролцсон хэмээн шүүгдэгчийн ширээнд суусан юм. Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын оролцоотой хийсэн гэрээний дагуу Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан аж.

Үүнээс гадна гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол Хөгжлийн банканд учруулсан хэрэгт буруутгасан юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө эргүүлж авсан аж.

Үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, тус банканд онц их хэмжээний хохирол учруулсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, НПГ-ын хяналтын прокурор Ц.Оргил-Очир, Б.Баярхүү, шүүгдэгч Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, тэдний өмгөөлөгч нар, хохирогч “Эрдэнэт үйлдвэр”, Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг хүмүүсийг оролцуулан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас эхлэн гурван өдөр шүүн хэлэлцэв. Улмаар Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон дээр дурдсан хоёр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэс лэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Б.Шинэбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй 2017 оны тавдугаар сарын 12-нд байгуулсан 2/260-16 тоот гэрээнд “ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингээд худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар өсгөж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.5 тэрбум төгрөг байсныг 45.5 тэрбум болгож үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт давуу байдал бий болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 10.9 тэрбумаар хохироосон үйлдлийг ч гэмт хэргийн шинжгүй гэж шүүгч Б.Мөнх-Эрдэнэ дүгнэжээ.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ албаны эсрэг зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэм буруутай гэж үзэв. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 5, 15-нд “Мон лаа” компанитай зээлийн гэрээ байгуулж, гурван сая ам.доллар буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон хэрэгт гэм буруутайг тогтоосон байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1.2 дахь хэсэгт заасан “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв. Өөрөөр хэлбэл, “цагаан захтнууд” шүүх хурлаа хийлгэхгүй удаа дараа хойшлуулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж, хариуцлагаас мултарлаа.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
632598
3 эможи

ИРГЭН
2021-11-10 18:32
НӨГӨӨ БИ ШУДРАГА АЖИЛНА ГЭЭД ЁСЛООД БАЙСАН ХҮРЭЛСҮХ ХААШАА ДАЛД ОРЧИХВОО
pop
2021-11-10 17:19
zugeerl POProl baijdee
фак
2021-11-10 15:04
Хүн алж Банк дээрэмдээд 5 жил өнгөрвөл ялгүй болох юм байна.Мэдэж авлаа.
Зочин
2021-11-10 14:30
Хн яана даа.
Зочин
2021-11-10 12:17
Шүүгч гэж авлигач новш байна аа
keyboard_arrow_up