“Чингис хаан” музейн захирлын шилжүүлсэн баримт 550 мянган төгрөгийн үнэтэй ном болжээ
-С.Чулууныг яллагдагчаар цагдан хорих санал өнөөдөр хүргүүлнэ-
Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлын албан тушаал хашиж буй академич С.Чулууныг Чингис хааны үеийн алтан зоосыг худалдахыг завдсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-ныхан Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн есдүгээр давхар дахь Олон улсын Монгол судлалын холбооны байранд албан өрөөнд нь нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт шалгах болсныг баталлаа. Гэхдээ алтан зоосноос гадна өөр ноцтой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой байж болох үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхний өгсөн албан ёсны мэдээлэлд “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Түүнийг нь тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй хоёр боть ном болгон хэвлүүлж, соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлэв.
Уг хэрэгт холбогдуулан Үндэсний номын сангийн захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогоос тайлбар, мэдүүлэг авч, мөн нэгжлэг хийлээ. Энэ үеэр тэрбээр холбогдох яамнаас бичиг авчран Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтарт холбогдох баримтыг академич, Соёлын сайд С.Чулуун гаргуулж авсан талаар мэдүүлэг өгсөн сурагтай.
Баттай эх сурвалжууд “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт Өндөр гэгээн Г.Занабазарын намтар, түүхэнд холбогдох ганц хувь, ховор нандин түүхийн үнэт өвийг агуулсан таван боть дурсгал хадгалагдаж байдаг. Түүнд монголчуудын соёл, шашны талаар нарийвчлан тусгасан, гуйвуулан иргэдийг талцан хагаралдуулж ч болзошгүй баримтууд бий. Тиймээс тэр бүр олон нийтэд үзүүлээд байдаггүй юм” хэмээсэн.
БНХАУ-ын тал хуулбарлан авсан баримтуудаа ном болгон хэвлүүлж нэг ботийг нь 1200 юань буюу 550 мянган төгрөгтэй тэнцэх үнээр борлуулж байгаа юм билээ. Уг номд нь монголчуудын түүх, угсаа гарвалыг үгүйсгэсэн өгүүлбэр цөөнгүй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж өмнөд хөршид ажиллаж, суралцдаг эх сурвалжууд өгүүлсэн юм.
Ийм ноцтой баримтуудыг БНХАУ-ын талд шилжүүлсэн асуудалд С.Чулууныг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 25.3-т заасан “Соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг нээгээд байна. Мөн цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж ч болзошгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн пүрэв гарагт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд С.Чулууныг 48 цаг албадан саатуулах санал гаргасан ч прокурор нь татгалзсан юм. Тиймээс өнөөдөр прокуророор дамжуулан С.Чулууныг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээллээ.
Бэлтгэссэн: Г. Равжаа
Эх сурвалж: "Өнөөдөр сонин"
|