Н.Учрал: Иргэд жагсаал, цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрлээ
УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ.
Тэрбээр, "Манай улсын нэгдэн орсон олон улсын 1600 гаруй гэрээ конвенц байдаг. Тус гэрээ конвенцуудад хүний эрхийг хамгаалахтай холбогдсон олон үүргийг хүлээдэг. Сүүлийн үед хүний жам ёсны эрхэд халдах үзэгдлүүд ажиглагдаж байна. Үндсэн хуульд зааснаар бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд тусгасан. Гэтэл өнөөдөр жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон. Ингэснээр иргэд жагсаал, цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байна. 2015 оны энэ хууль бол маш том ухралт болсон. Үүнд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тодруулбал, иргэд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн шатны засаг даргадаа мэдээлэл хүргүүлдэг, энэ бүртгэл нь зөвшөөрөл мэтээр ойлгогдоод төр иргэдийн хооронд үл ойлголцол бий болж байна. Иймээс 2015 оны "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийг өөрчлөх, 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасах хуулийг санаачилсан. Хууль батлагдсанаар иргэд жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар ч зөвшөөрөл авахгүйгээр тухайн Засаг даргад мэдээлэл хүргүүлэх юм. Үүний гол зорилго нь тухайн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг. Өнөөдрийн жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг журамлах цаг иржээ" гэлээ.