Г.Занданшатар: Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал баяртай байх болно
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийлээ. Тэднийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан байна.
Үүний нэгэн адил ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд Монгол, Оросын сайн хөршийн харилцааг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал бид баяртай байх болно. Олон улсын парламентын холбооны болон бүс нутгийн парламентын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жендэрийн асуудал, терроризмоос сэргийлэх, КОВИД-ын дараах эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлүүдээр ОХУ-ын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох асуудлыг Төрийн Думээс санаачлаад явж байна. Энэхүү санаачилгыг бид дэмжиж буй бөгөөд тус механизмын үйл ажиллагаанд Холбооны зөвлөл оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. |
Үүний хариуд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев “Энэ асуудлыг Холбооны зөвлөл бүрэн дэмжиж, Төрийн Думтэй нягт хамтран ажиллаж, нэгдмэл бүтэц бий болгохын төлөө чармайх болно” гэжээ. Мөн тэрбээр “Хоёр улсын худалдааны эргэлт ийм бага, бас тэнцвэргүй байгаад харамсаж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй улс орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг орхигдуулж огт болохгүй. Үүнд төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй чухал.
Тиймээс бид буцаж очоод ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссынхонтой уулзаж, комиссын бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн гишүүдээс оролцуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцах болно. Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын төлөөллийг оруулах талаар та бүхэн анхаараарай. Орос, Монголын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг Холбооны зөвлөлийн зүгээс бүхий л талаар дэмжих болно.
Эдгээрээс хамгийн том нь Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл юм. Цаашид эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий” гэжээ. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр АНЭ-ын Дубай хотноо нээгдэх “ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн худалдаа болно. ОХУ-ын нийслэл Москва хот “ЭКСПО-2030”-ыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлэх гэж байгаа бөгөөд биднийг дэмжихийг хүсье” гэжээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд, бүлгийн гишүүн Ц.Анандбазар, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч дарга, Холбооны зөвлөл дэх Орос, Монголын парламентын бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн орлогч даргын Ажлын албаны дэд дарга О.Д.Ходырев нарын зэрэг албаны хүмүүс оролцжээ.