УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаатай холбоотойгоор унтууцаж буйн учир
Дуулианы эргэн тойронд
Монголын нөлөө бүхий, хүн болгон үйлчлүүлдэг арилжааны ХААН банкны хувьцаа эзэмшигч Савада Хидеогийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотой хэл ам УИХ-ын чуулганы танхимд ч, олон нийтийн сүлжээнд ч, сонин, хэвлэлийн хуудсанд ч өрнөх болов. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар авсан хэргийн холбогдогч Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг худалдан авсан. Үүнд нь сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж оролцсон гэж хэвлэлүүд ч мэдээлж, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы танхимд ч хэлсэн үгэндээ, твиттер хуудсандаа энэ талаар цухуйлгаад авсан юм. Уг нь бол 2010 онд баталсан, өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөж буй Банкны тухай хуулийн 36.15-д “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн заалттай. Мөн 36.18-д “Монголбанк банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгасны үндсэн дээр энэ хуулийн 36.3-т зааснаар зөвшөөрөл авах этгээдийг тогтоож банканд мэдэгдэнэ” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалт үйлчилж буй. Хэрэв Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс ХААН банкны хувьцааг Японы иргэн Савада Хидеогоос худалдаж авсан нь үнэн бол Банкны тухай хуулийн 36.15 дахь заалтыг зөрчсөн гэсэн үг.
Д.Эрдэнэбилэгийг ХААН банкны хувьцаа эзэмшигчээр Төвбанк баталсан бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнууд хуулийг үл ойшоож, эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очсон гэхэд хилсдэхгүй. Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхимд “Д.Эрдэнэбилэгийг ХААН банкны хувьцааг худалдаж авсан гэх мэдээлэл байхгүй” хэмээж, Худалдаа хөгжлийн банкныхан ч мэдэгдэл гаргасан нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэв. Гэхдээ Японы хөрөнгө оруулагч Савада Хидео хувьцаагаа зарахаар болсон нь баттай юм.
Юутай ч Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЭЦА зэрэг хууль сахиулах байгууллагынхан энэ бүх асуудлыг анхааралтай ажиглаж, хяналтдаа байлгаж буй гэдэгт итгэлтэй сууна. Шалгаж тогтоох ч биз.
Үнэхээр хууль сахиулагчид шалгавал түүнийг нь дараа тодруулан бичиж болох учраас энэ удаа хойш тавин нэгэн баримт бидэнд олдсоныг уншигчдадаа хүргэе.
Сангийн сайдын албан тоотын аль нь жинхэнэ вэ
Сангийн сайдын баланк дээр бичсэн яг ижил дугаартай хоёр өөр албан бичиг, захидлыг уншигч та харж байна. 2019 оны нэгдүгээр сарын 25-ны “2019.01.25 11/386” дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёр өөр албан тоотын нэг нь тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд илгээжээ. 2019.01.25 11/386 дугаартай, монгол хэлээр бичсэн уг албан бичигт “Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Өлзийбатыг Гавьяат эдийн засагч цолоор шагнуулах саналыг дэмжиж байна” гэж бичиж.
Харин англи хэлээр бичсэн, 25.01.2019 11/386 дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байна.
Монгол төрийн байгууллагуудын захидал харилцаандаа мөрдлөг болгодог Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, Баримт бичгийн цуврал стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээс үзвэл бүртгэлийн дугаар нь давхцаж болохгүй аж. Төрийн захиргааны байгууллагын албан бичиг хөтөлдөг архив, бүртгэлийн ажилтнууд ч “Бүртгэлийн дугаар нь давхцах ёсгүй” гэдгийг хэлээд давхацсан тохиолдолд нэг нь хуурамч, эсвэл бүртгэлийн ажилтны алдаа байх магадлалтай хэмээн тодотгосон. Нийслэлийн ЗДТГ-ын албаны хүмүүсээс энэ бичиг ирсэн, эсэхийг лавлахад “Ирсэн бичгийн бүртгэлээс үзэхэд ийм бичиг алга” гэсэн хариулт өгч байх юм.
Юутай ч яг ижил огноо, бүртгэлийн дугаартай хоёр албан бичгийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй хоёр байгууллагад илгээжээ. Энэ албан бичгийн аль нэг нь хуурамч байвал үйлдсэн албан хаагчид нь эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт хуурамч бичиг баримт үйлдэж ашиглавал хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий. Хууль сахиулах байгууллагынхан эдгээр албан бичгийн аль нь жинхэнэ болохыг шалгаж тогтоох ёстой мэт санагдана.
“Таван богд групп” хувьцааг нь худалдаж авахыг Засгийн газар дэмжиж байгаа гэжээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, ХААНбанкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хандан англи хэлээр бичсэн, 25.01.2019 огноотой 11/386 дугаартай албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар нь танай арилжааны бизнесийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй ч Банкны тухай Монгол Улсын хуулиар аливаа эцсийн өмчлөгч буюу түүнд хамааралтай этгээд нь нэгээс илүү санхүүгийн байгууллагыг шууд болон шууд бус замаар эзэмшихийг хориглосон болохыг танд мэдээлэх нь бидний үүрэг болно. Одоогоор арилжааны гурван том банкны тоонд ХААН, Худалдаа хөгжлийн болон “Голомт” банк ордог. ХААН банкны хувьцааг оролцуулсан бизнесийг аливаа арилжааны банканд худалдах болон шилжүүлэх нь тухайн өмчлөгч, түүнд хамааралтай этгээдийг хууль бус гэж манай улсын хуулиар тооцдог. Шаардлагатай бол энэхүү байр сууриа цаг тухайд нь Япон улсын холбогдох зохицуулагч байгууллагад илэрхийлэх, тэр дундаа Сангийн яаманд гаргах болно.
Банкны системд нөлөө бүхий ХААН банк шиг хүчтэй банк нь ил тод, хүчтэй хамгийн чадварлаг хувьцаа эзэмшигчийн гарт байх нь манай улсын үндэсний эрх ашиг мөн гэдгийг та мэдээж ойлгож байгаа.
ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна.
“Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” хэмээн бичжээ.
Үүнээс үзэхэд Монгол Улсын Сангийн сайд нь нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгох гэж захидал бичсэн гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал бий болгосон байх магадлалтай.
Засгийн газраасаа илүү эрх сайд нь эдэлсэн бололтой
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй энэ захидал нэлээд олон хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа юм. Гэхдээ хууль зөрчсөн, эсэхийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоох ёстой. Сэтгүүлчийн хувьд энд Сангийн сайдын эл захидал ямар хуулийн заалт зөрчсөн байх магадлалтай талаар хүргэхийг оролдоё.
Тухайлбал, “ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна” хэмээсэн нь “Таван богд групп” ХХК-иас өөр аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдвал Монгол Улсын Засгийн газар дэмжихгүй гэсэн ойлголт төрүүлэхүйц байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч хувьцаагаа өөрт ашигтай, үр өгөөжтэй нөхцөлөөр бусдад худалдах эрхэд нь халдаж, хязгаарласан гэх сэтгэгдэл төрүүлж байгаа нь лавтай. Ингэснээрээ үе үеийн Засгийн газрын уриа, лоозон болгож ирсэн “Гадаадын хөрөнгө оруулагчийг татах” санаачилгатай зөрчилдөж, харин ч тэднийг үргээсэн гэхэд ч хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хууль ч зөрчихсөн байх магадлалтай. “Эцэг хууль”-ийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж, “Таван богд групп”-ээс өөр байгууллагад худалдаж болохгүй гэсэн санааг агуулсан байгаа юм.
Бас Сангийн сайд бүрэн эрхдээ хамаарахгүй асуудлаар ХААН банкны япон хувьцаа эзэмшигч рүү захидал бичсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй, дээр дурдсан компанийнханд үйлчилсэн юм биш биз гэсэн хардлага төрүүлж буйг дахин тодотгоё. Засгийн газрын тухай хуулийн 20.5.6-д Сангийн сайдын бүрэн эрхийг хуульчилсан. Үүнд “Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт, санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал, нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, нягтлан бодох бүртгэлийн, гаалийн, татварын, даатгалын бодлого, хилийн боомтын хөгжлийн асуудал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал” хамаарахаар заажээ.
Мөн хуулийн 24.4-т “Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Ерөнхий сайдын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ” гэсэн байна. Хуулийн эл зохицуулалтаас үзэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй захидал өөрт хамаарахгүй асуудлаар Засгийн газрын өмнөөс байр сууриа илэрхийлсэн гэмээр харагдав. Хэрэв Засгийн газар хуралдаж, түүнд бүрэн эрх олгоогүй бол шүү дээ. Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад чиглэл өгсөн бол тэрбээр ийм захидал бичих эрхтэй болсон гэсэн үг. Гэхдээ Засгийн газраас эрх олгох тухай тогтоол 2018 оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сарын хуралдаануудаар хэлэлцсэн, эсэх нь ч эргэлзээтэй. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаснаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрх олгох тухай тогтоол баталсан шийдвэрүүдийг үзэхэд тийм эрх зүйн баримт бичиг гаргасан гэх мэдээлэл байсангүй. Энэ асуудлаар Засгийн газарт санал оруулж, хуралдаанаар хэлэлцүүлээд дэмжигдээгүй бол Сангийн сайд ярих, саналаа илэрхийлэх эрхгүй.
Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24.6-д “Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхын дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд 11/386 дугаартай албан бичиг (захидал) Савада Хидео руу илгээсэн бол тухайн үеийн Засгийн газраасаа илүү эрх эдэлсэн гэсэн үг болох нь.
ҮАБЗ-ийн бүрэн эрхэд халдсан уу
ХААН банкны хувьцаатай холбоотой асуудлаар Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Монголбанкны удирдлага хуралдаж, зохих чиглэл, зөвлөмж гаргасан бол Сангийн сайдад эрх олгож, Засгийн газрын нэрийн өмнөөс байр суурь илэрхийлж болох байсан нь лавтай. Гэхдээ энэ асуудлаар ҮАБЗ ч, Засгийн газар ч хуралдсан гэх мэдээлэл олдсонгүй. Тийм атал Сангийн сайдын албан захидалд “Банкны системд нөлөө бүхий ХААН банк шиг хүчтэй банк нь ил тод, хүчтэй хамгийн чадварлаг хувьцаа эзэмшигчийн гарт байх нь манай улсын үндэсний эрх ашиг мөн гэдгийг та мэдээж ойлгож байгаа” хэмээн бичсэн нь ҮАБЗ-ийн бүрэн эрхэд халдсан гэх сэтгэгдэл төрүүлэв. ҮАБЗ-ийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Зөвлөл нь дараах асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй” гээд 4.1.7-д “Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох” хэмээн заасан. Хуулийн эл зохицуулалт, Сангийн сайдын захидлын дээр дурдсан өгүүлбэрээс дүгнэхэд ҮАБЗ-ийн бүрэн эрхэд халдсан байж болзошгүй мэт санагдана.
2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11/386 дугаартай албан бичиг бүхэлдээ “Таван богд групп” ХХК-ийнхан ХААН банкны хувьцааг худалдан авсан нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг нь шийдвэрлэх баталгаа өгсөн гэмээр харагдаж байгаа юм. Засгийн газраас Сангийн сайдад ийм эрх олгосон нь эргэлзээтэйг өмнө дурдсан. Хэрэв эрх олгосон тогтоол Засгийн газраас батлаагүй байхад “Таван богд групп”-эд хувьцаагаа Японы хөрөнгө оруулагч нь худалдахаар тохиролцсон нөхцөлд Засгийн газраас дэмжих бичиг гаргаж өгөх замаар хувьцаа худалдан авах санхүүжилтийг олон улсын хөрөнгө оруулагч нараас шийдвэрлэх боломжтой” хэмээсэн нь Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан нэг компанид давуу байдал бий болгосон юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. Энэ албан захидлыг бичсэн нь үнэн бол Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгасан ч болохоор юм биш үү. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Энэ бүхий эцэст тэмдэглэхэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаатай холбоотойгоор ихэд бухимдах болсны цаад учир нь “Таван богд групп”-ийнхэн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж чадаагүйтэй холбоотой байж ч болох. Чухам яагаад “Таван богд групп”-ийнхэнд давуу байдал олгох гэж ийм захидал бичиж, УИХ-ын чуулганы танхимд ч, олон нийтийн сүлжээнд ч унтууцах болсны, цаана нь ямар ашиг сонирхлын зөрчил байгаагийн учрыг бид лавшруулан судалж уншигчдадаа хүргэх болно.
Бэлтгэссэн: Г. Равжаа
Эх сурвалж: "Өнөөдөр сонин"
|