ЦЕГ: “НУУГДМАЛ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газраас насанд хүрээгүй хүнийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “НУУГДМАЛ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулах зорилгоор “Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Прокурорын байгууллага, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Өмгөөлөгчдийн холбоо, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн төлөөллийг оролцуулж, дээрх төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, ажлын чиглэлийг дээрх байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.