Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг цуцалсан тухай өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн. Ковид19 халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүйн дээр УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүйн улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн үзэж барилдааныг цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Харин өчигдөр үдшийн 23 цагт Улсын онцгой комисс, МҮБХ-ны удирдлагууд хамтран ажиллах шийдвэрт хүрсэн тул бөхийн барилдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахаар болжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Уг барилдааныг MҮОНТВ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулах юм.