Ховд аймаг “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” аян эхлүүлжээ
Ховд аймгийн прокурорын газар тус аймаг дахь Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, эрх зүйч мэргэжлийн оюутнуудын оролцоог нэмэгдүүлж, тэднээр дамжуулан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Урьдчилан сэргийлье” аяныг энэ оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлжээ.
Аяны хүрээнд прокурорууд оюутнуудтай хамтран тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага бэлтгэн иргэдэд тарааж, орон нутгийн телевизэд мэдээлэл өгсөн байна.
Мөн Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдэвт өдөрлөг, Политехникийн коллеж, Ховд их сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Өмчлөх эрхийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэлбэр, анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах ажээ. Аяныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэх юм.