Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшилжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2021.11.03/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод байсан.
Тэгвэл шүүгдэгч нарын зүгээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. Учир нь шүүгдэгч Д.Жаргалсайхан Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, энэ удаагийн шүүх хурал нь Э.Бат-Үүл нарын 11 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх хурал бөгөөд тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулийн дагуу дуусах гэж байгаа гэдэг мэдээлэл байгаа юм.