ЭЗБХ: Жолоочийн даатгалын хуулийг гишүүдийн олонх дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хууль санаачлагч Т.Аюурсайхан "Хуулийн зорилго нь жолооч нарын хохирлыг бодитоор үнэлэх. Одоогийн байдлаар тийм байж чадахгүй байна. Осол гарвал хохирлыг бүрэн олгодог болно. Даатгалын зарим компаниудад 28 нөхцөл, шаардлагыг хангаж байж нөхөн төлбөр авдаг. Авахдаа хагас дутуу, чирэгдэлтэй авч байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгана.
Хоёрдугаарт, Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн албан журмын даатгал холбогдох ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол жолооч нарын эрх, ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэгдэж байх ёстой. Мөн зам тээврийн ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх, замын хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хангалтгүй байна.
Энэ бол албан журмын даатгал. Энэхүү албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцвал даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдэг нь эргэлзээтэй. Төр ашгийг нь авч хэн нэгний халаасанд хийж өгөх гэдэг бол төрийн дэмжлэг биш" гэлээ.