С.Амарсайхан: Ойрын хугацаанд 200 тонн зүү тариур, 56 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл татаж авна
УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар манай улс эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашид хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй байлгах тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашид тасалдаж болзошгүй хүнс болон 18 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн, 10 төрлийн эмнэлгийн хэрэгслийн тооцоо судалгаа гарсан учраас БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч, төмөр замаар татан авалт хийхээр болжээ. Нийт 300 вагон ачуулахаар захиалга өгснөөс одоогийн байдлаар дөрвөн вагон ачигдсан, Монгол руу ирж байгаа аж. Мөн ойрын хугацаанд Сөүл, Бээжин хотууд руу 4 онгоц нисгэх зэргээр 11 дүгээр сард нийт 200 тонн зүү, тариур, 56 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах юм" гэлээ.