СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олджээ
Сургуулийнхаа дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон байна.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвд байх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлаж, суралцдаг байсан 17 настай охин өнгөрөгч аравдугаар сарын 27-ны өдөр гарч яваад, сураггүй болсон байжээ. Улмаар охины ар гэрийнхэн болон сумын захиргааны ажилтнууд цагдаагийн алба хаагчид хамтран охиныг хайж байсан аж.
Сурагч охины дүрс сургуулийн дотуур байрны хяналтын камерт хамгийн сүүлд бичигдэж үлдсэн гэх ба алга болох үедээ гадуур хувцасгүй гараад, түүнийг найз залуу нь мотоциклд суулган, авч явсан байжээ.
Ийнхүү алга болсноос хойш арав дахь хоног дээр буюу өчигдөр /2021.10.31/ тус сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс түүнийг найз залуугийн хамтаар нас барсан байхыг олжээ.
Цагдаагийнхан хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаач охиныг түүний найз залуу болох 23 настай Б гэгч буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Хэрэг үйлдэгдсэн газраас ТОЗ-8 маркийн буу, сум зэргийг хураан авч, шинжилгээнд явуулсан ба уг галт зэвсэг нь бүртгэлтэй байсан эсэхийг нягтлан шалгаж эхэлжээ.
Болсон хэргийн тухай Зүүнбаян-Улаан сумын тамгын газрын захиргаанаас тодруулахад “Манай сумын сургуулийн дотуур байранд 90 гаруй хүүхэд байрлаж, суралцдаг. Одоо энэ хэргийн шалгалт үргэлжилж байгаа. Талийгаач охиныг дотуур байрнаас гарч явснаас хойш ар гэрийнхэн нь бидэнтэй хамт хайж байсан. Цагдаа нар одоо гэрчүүдээс мэдүүлэг авч байна. Цогцосны задлан шинжилгээний хариу гараагүй, шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна” гэлээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач охины найз залуу Б гэгч нь охиноос зургаан насаар ах, тухайн суманд мал маллаж амьдардаг байсан гэх ба тэдний үерхлийг охины ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас ийн хоёр хүний амь нас үрэгдсэн байж болзошгүй байгаа юм.
Эх сурвалж: zindaa.mn
|