Э.Одбаярыг цагдаа, эмнэлгээс өөр газар очихыг хоригложээ
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр /2021.10.29/ шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал тайлбар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэргийг судлан үзэж яллагдагч Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал яллагдагч Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргасан болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар