Д. Дашмаа: Иргэн Ш. Булганнямын гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн
Иргэн Ш.Булганням хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төрсөн эцэг нь хоёр настай охиныг хүчирхийлсэн хэргийг хаасан. Хууль сахиулагчид энэ хэргийг гацаасан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
-Хоёр настай охиныг эцэг нь хүчирхийлсэн хэргийг хаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд бухимдал төрүүлж байна. Уг хэргийг үнэхээр хаасан юм уу?
-Иргэн Ш.Булганням хэвлэлээр мэдээлсэн “Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн” гэх асуудлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Ш.Булганнямын гаргасан гэмт хэргийн талаарх гомдлын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа иргэн Ш.Булганнямын охинд “Ид шидийн орон” хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан хүч хэрэглэсэн гэх асуудал өмнө нь огт шалгагдаж байгаагүй зүйл. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Булганнямаас ч энэ талаар урьд нь мэдүүлэг өгч, гомдол, хүсэлт гаргаагүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн энэ асуудлыг мөрдөх байгууллага шалгана.
Нэмж хэлэхэд, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй хэдий ч энэ эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэж, хууль дүрмээ биелүүлдэг байх нь чухал. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэрийн дор хэн нэгний нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах, үнэнийг мушгин зөрчсөн үйлдэл. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ.
-Тэгвэл энэ хэргийг хаагаагүй гэж ойлгож болох нь. Чухам яагаад ийм мэдээлэл олон нийтэд цацаж буй юм бол?
-Сүүлийн үед зарим хүн хууль, дүрэм зөрчсөн үйлдэл гаргах, холбогдох хууль, журмын дагуу шалгаж байгаа эрүүгийн хэрэг, маргааныг хөндлөнгөөс тайлбарлах, улмаар хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа төрийн байгууллагыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэний эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна гэх зэргээр нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц асуудал гаргаж буй нь харамсалтай. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн үеэс эхлэн хяналт тавьж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс хамгаалдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч гомдол, хүсэлт гаргах, хууль ёсны өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй. Харин өөр хүмүүс хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Дээрх хэргийн тухайд бага насны хүүхэдтэй холбоотой эмзэг асуудал. Ийм хэргийн талаар нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхийг ч хориглодог. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр буруу ташаа ойлголт өгсөн зүйл гараад байгаа учраас тодорхой хэмжээнд ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэлээ. Тиймээс иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээ биелүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэн нэгний хэлсэн үгийг шууд дамжуулдаг биш, үнэн мөнийг нь тодруулж, ялгаж салган, олон нийтэд бодит мэдээлэл хүргэдэг байгаасай гэж хүсэж байна.
Эх сурвалж: unuudur.mn
|