“Гоожингийн өндөр“-т олон улсын сэргээн засварлах багаар дүгнэлт гаргуулахаар боллоо
Хэд хоногийн өмнө “Гоожингийн өндөр” хэмээх энэ хоёр давхар хуучин байшинг нурааж зогсоол барина гэж хэсэг хүмүүс гарын үсэг цуглуулж байсныг иргэд эсэргүүцэж сошиал орчинд “шуугьж” байв. Харин өнөөдөр тус барилгыг олон улсын сэргээн засварлах багаар дүгнэлт гаргуулахаар боллоо. Уг байшинг 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, зүүн Сэлбийн зүүн хэсэг, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг аж.
Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв. Хятадын түрэмгийлэгчид энэ байшинд Богд хааныг 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 50 гаруй хоног гэрийн хорионд байлгаж байжээ. Хожим уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 21 дүгээр сургуулийн ажилчдын байр болсон ч өдгөө эзэнгүй хаягдаж хоцроод буй. Гоожингийн өндөр нь тухайн үеийн дүр байдлаа хадгалсаар байгаа ч, өнгө зүс харагдах байдлаас нь болоод үүнийг нурааж, зогсоол болгох гэж хэсэг иргэд гарын үсэг цуглуулж байсан юм.
Сүүлд Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Оросын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн зөвлөхөөр ирж, энэ байшинд ажиллаж амьдарч байжээ. Тиймээс Монголчууд тэр хүний нэрийг монголчилж “Гоожин” гэж нэрлэсэн нь алсдаа “Гоожингийн өндөр” хэмээн нэртэй болжээ.