Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог
Цахим орчинд тархаад байгаа мэдээллийн дагуу Туул голын бургас, улиасанд илэрсэн шавжийг тодорхойлохоор нийслэлийн Байгаль орчны газраас ажиллаж дээжийг Шинжлэх ухааны академийн биологын хүрээлэнд шинжлүүлснээр тус шавж нь "Шүрэн цох" болохыг тодорхойллоо.
Шүрэн цох нь хавар эсвэл намарын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчмын дараа авгалдай хэлбэрт шилждэг. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.
Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг байна.