Улсын хэмжээнд гэмт хэрэг 10.9 хувиар БУУРЧЭЭ
Нийслэл оны эхний 9 сард бүртгэгдсэн зарим гэмт хэргийн талаар цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл өглөө.
"Цагдаагийн байгууллагад энэ оны есөн сарын байдлаар 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэл хотод 64.1 хувь нь буюу 11132 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 2112 хэрэг буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218 буюу 9.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тухайлбал, эрүүгийн хуулинд заасан хүнийг алах гэмт хэрэг эхний 10 сарын байдлаар нийт 84 бүртгэгдсэн бөгөөд илрүүлэлт 100 хувьтай байна.
Хүнийг алах гэмт хэргийн 64.2 хувь нь ахуйн хүрээнд 25 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн байгаа бол 70.2 хувь нь согтуу байх үедээ үйлдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт энэ төрлийн гэмт хэрэг 5 бүртгэгдсэн.
Энэ оны 10 сарын байдлаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 63 бүртгэгдсэнээс 35 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэргийн илрүүлэлт 55 хувьтай байна. Эдгээр хэргийг үйлдэгчдийн судалгааг авч үзэхэд 28 хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд үйлджээ.
Харин дээрэмдэх гэмт хэрэг 210 бүртгэгдсэн байна. Үүнээс 110 хэргийг илрүүлсэн. Илрүүлэлт 59 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн 79 хувь нь шөнийн цагаар бүртгэгдсэн байна. Хохирсон иргэдийн 58.4 хувь нь согтуурсан үедээ гудамж, талбайд гарцаар явж байхдаа гэмт халдлагад өртжээ. Хэрэг үйлдсэн этгээдүүдийн 46 хувь нь 18-23 насны залуучууд эзэлж байна.Сүүлийн үед приус маркын автомашины нүүрсэн янданг хулгайлах гэмт хэргүүд түгээмэл бүртгэгдэж байна. Хуучин тээврийн хэрэгсэл хулгайлах 77 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 70-ыг нь илрүүлжээ. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийг өсвөр насныхан үйлдэж байна.Түүнчлэн зуслангийн айлуудаас эд зүйл хулгайлах хэрэг өсөх хандлагатай байна. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцнуудын хаалгыг өрөмдөх аргаар 8 гэмт хэрэг гарсан боловч эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй байна" гэлээ.