ЭРЭЭНИЙ КОНСУЛ: Хатуу хөл хорио тогтоож, хүнсээ ч авч чадахгүйд хүрсэн
БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс нарийн ногоо, зарим төрлийн хүнсний хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Өчигдрөөс (2021.10.24) эхлэн Эрээнд хатуу хөл хорио тогтоосон. Өмнө нь хүнсний дэлгүүр рүү залгаад, хүнсээ захиалаад авч болдог байсан бол одоо хатуу хөл хорио тогтоосон. Бид цаашид уух ус ч үгүй болж мэдэхээр байна.
Хөл хориог хэзээ цуцлах талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эрээн хотын онцгой комисс ч албан ёсоор тогтоосон хугацаа байхгүй. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална. Тэгэхээр өнөөдөр 19 тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь халдвар хумигдах болоогүй байгааг харуулж байна.
Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байна.
Халдварын шинжилгээг шаардлагатай бүсэд өдөр бүр хийж байгаа. Бүх нийтийн шинжилгээг бол дөрөв хоногт нэг удаа авч байгаа” гэлээ.
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос “Өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 24-нд эх газрын Хятадад коронавирусний халдварын дотоод дахь 35 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэж мэдээлсэн.
Үүнээс 19 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Гуйчжоу, Ганьсу мужид тус бүр 4, Бээжин хот, Хэбэй, Хунань, Шэньси мужид тус бүр 2 тохиолдол гарсан байна. Харин гадаадын халдвар 4 буюу Тяньжин, Шанхай, Шаньдун, Гуансид тус тус бүртгэгджээ.
Халдварын голомт болоод байгаа Өвөр Монголд гадаадаас ирсэн нэг иргэний хариу сэжигтэй гарсан гэх мэдээллийг мөн тус хорооноос өгөөд байна.
Эх сурвалж: zindaa.mn
|