“110 хүнд амьдрал бэлэглэе” аяны хүрээнд алба хаагчид цусаа хандивлалаа
Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сайн дурын цус хандивлах үйлсийг олон нийтэд сурталчлан, донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой цус хандивлах аяныг Хууль, зүй дотоод хэргийн яам, Цагдаа, дотоодын цэргийн байгууллага хамтран сайн үйлсийн аянг /2021.10.22/ зохион байгууллаа.
Бусдад амьдрал бэлэглэх энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаа, дотоодын цэргийн идэвхтэн донорууд, алба хаагчид нэгдэж, 150 орчим хүний амь насыг аврах цусыг сайн дураараа хандивлалаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлийн офицер, ахмад М.Батдаваа цусаа хандивласан юм. Тэрээр 2006 оноос хойш нийт 42 удаа цусаа өгч “Хүндэт донор” болжээ. Мөн тус ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ цусаа хандивласан. Ж.Бат-Эрдэнийн хувьд 2015 оноос хойш цусаа хандивлаж байгаа бөгөөд “Идэвхтэн донор” юм. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж өдрийн хэрэглээгээ хангадаг учраас сайн дурын донорууд төдийгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай тогтмол хамтран ажилладаг байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Олон нийт, маркетингийн ажилтан Р. Энхтуяа: “Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан. Монгол Улсад ч мөн адил цусны нөөц багассан. Гэсэн хэдий ч бид төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуусын дунд цус хандивлах нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрсэн. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж өдрийн хэрэглээгээ хангадаг учраас сайн дурын донорууд төдийгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай тогтмол хамтран ажилласаар байна. Тийм учраас бусдад үлгэр дууриал үзүүлэн цусаа хандивласан Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, сайн дураараа нэгдэж, цусаа хандивласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.
Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, цусаа хандивлахыг иргэн бүрт уриалж байна.