Б.Ганчулуун: Мөрийтэй тоглоомчид 1000 гаруй иргэний дансаар 2000 гаруй удаагийн гүйлгээ хийсэн хэргийг шалгаж байна
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.
Иргэдийн интернэтийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор мөрийтэй тоглоом тоглох гэмт хэрэг ихэссэн.
2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн.
Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг.
Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр тоглож буй иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй.
Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өдөрт 1000 гаруй данс ашиглан 2000 гаруй удаагийн гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан. Одоогоор 43 сайтын үйл ажиллагааг цуцалж, 25 дансанд байсан их хэмжээний гүйлгээг шалгаж байна.
Мөн арилжааны банкан дахь дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглодог байдлыг таслан зогсоох, мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банкны дансанд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна." гэв.