Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ШҮҮГЧДЭД хүндэтгэл үзүүллээ

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж асан шүүгчдэд талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр /2021.10.13/ боллоо.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцох, шүүгчийн бүрэн эрхийн тухай” тогтоолыг уншиж сонсгов.  Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шинээр сонгогдсон шүүгч гишүүдэд баяр хүргээд “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн баталгааг хангах,  Шүүхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлт, өөрчлөлтийг бий болгох нэн хариуцлагатай үүрэг хүлээж байгаагаараа Шүүхийн ерөнхий зөвлөл онцлогтой. Нийт шүүгчээс хүлээлгэсэн итгэл, найдвар, оногдсон үүрэг хариуцлагыг өндөр түвшинд ухамсарлаж, амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлээд ажлын амжилт хүслээ. Тэрбээр “Өмнө нь мөрдөж байсан шүүхийн тухай хуулийн зохицуулалтыг шинээр батлагдсан хуультай уялдуулан хэрэглэж, туршлага хуримтлуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй зөвлөлдөж ажиллах боломж байгаад сэтгэл хангалуун байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үе, үеийн гишүүдтэй хамтран мэргэшсэн хэмжээнд, тогтвортой ажиллаж байгаа Ажлын албатай үргэлжлүүлэн ажиллахдаа баяртай байгаа илэрхийлье” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан, Улсын дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч Л.Атарцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Б.Ундрах, Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Ажлын албаны хамт олон оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631802
0 эможи

keyboard_arrow_up