Түвшинбаярт зодуулсан Э. Энхбат ухаан орж мэдүүлэг өгөв
Ойрын дотны найздаа балмад хэрцгийгээр зодуулж биедээ хүнд гэмтэл авсан Монгол Улсын начин Э.Энхбат ухаан оржээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан учир ар гэрийнхэн нь БНСУ руу цаг алдалгүй авч явж эмчилгээнд оруулсан байгаа. Харин олон сар эрчимт эмчилгээ хийлгэсэн Э.Энхбат ухаан орж, мэдүүлэг өгсөн талаар түүний өмгөөлөгч ярьжээ.
УЕПГ-аас мэдээлснээр уг хэргийг хохирогчийн өмгөөлөгчийнх нь хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан гэв. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг дахин нягталж шалгаж эхэлжээ.
Хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардлыг Н.Түвшинбаяр аварга бүрэн төлж байгаа бөгөөд тэрбээр батлан даалтад байгаа хэдий ч хилийн хоригтой байгаа.