ТАНИЛЦ: ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр шинээр томилогдсон гишүүд
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор заасан юм. Анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн бөгөөд эдгээр шүүгчид нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар танилцуулга хийж, шүүгчдийн асуултад хариулжээ.
Нууц санал хураалтаар нийт шүүгчийн олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх Нийт шүүгчийн чуулганаас сонгогдсоноор шууд хэрэгжиж эхлэх юм.