ТББ-ууд: КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна
Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагынхан мэдээлэл хийлээ.
“Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй тул хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна“
Тэд 2021 оны 9-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл нь МУ-ын Үндсэн хууль болон бусад маш олон хууль тогтоомж, ОУ-ын гэрээ, хүний эрх, нийтийн эрх ашиг сонирхлыг бүхэлд нь зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах, шударга ёс, хууль ёсыг үл хэрэгсэх зэрэг эрсдэл дагуулж байна гэв.
Тиймээс тэд Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг эсэргүүцэхгүй ч бэлэнчлэх сэтгэлгээтэй буюу зөвхөн уул уурхай, байгалийн ашигт малтмалаа ашиглаж байгааг эсэргүүцэж, хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна. Мөн олон нийтийн мэдэх эрхийг хангаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмж хүргүүлэх байдлаар хуулиа дахин боловсруулахыг ийнхүү шаардлаа.