“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай“
Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран “Нийтийн аж ахуйн салбарын хүндэтгэлийн хурал”-ыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Тус хуралд салбарын 220 гаруй байгууллагын төлөөлөгчид цахимаар оролцсон байна.
Хурлын арга хэмжээг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр “Барилга, хот байгуулалтын яамны зүгээс салбарын хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник технологи гэсэн чиглэлээр нийслэл, аймгийн төв, сумдын түвшинд бодлого барьж ажиллаж байна. Тулгамдсан асуудлуудад яах аргагүй мэргэжилтэй боловсон хүчин хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд шинэ техник, технологи нэвтрүүлж, шинэ барилга байгууламжийг ажиллуулах хүний нөөцийг онцгой анхаарах шаардлагатай байгаа” талаар дурдсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хүргүүлсэн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцуулав.
Цахим хуралд “Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын зохицуулалт” сэдвээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тус тус илтгэл тавилаа.
Мөн салбарын ахмад ажилтнуудыг төлөөлөн Дэд бүтцийн сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан Б.Жигжид, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг төлөөлөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар үг хэлж, салбарын байгууллагуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын илтгэл болон мэндчилгээнүүдийн дараа салбарын шилдгүүдийг тодруулах, шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлсэн юм. Хурлын хөтөлбөрийн дагуу салбарт амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээрээ тэргүүлсэн дараах шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг тодруулан шагналаа. Үүнд:
- Ажилтандаа ээлтэй байгууллагаар Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ;
- Шилдэг үйлчилгээтэй байгууллагаар Ховд аймгийн “Шим Ус” ОНӨААТҮГ
- Шилдэг дэвшилтэт технологи менежменттэй байгууллагаар “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
- Шилдэг менежменттэй байгууллагаар Хэнтий аймгийн “Хэнтий ус” ХХК, “Хайспийд” ХХК
- Шилдэг санхүүгийн менежменттэй байгууллагаар Төв аймгийн “Төв Чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ
- Шинийг санаачлагч байгууллагаар “Ай Вай И Зэт групп” ХХК;
- Тусгай шагналаар Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ХХК, “Ганбиж” ХХК тус тус шалгарлаа.
Мөн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан, идэвх санаачилгатай ажиллаж, салбарын хөгжил дэвшилд олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулан амжилт бүтээлээрээ тэргүүлэн ажилласан ажилтан, албан хаагч болон салбарын ахмадуудад дараах шагналыг гардууллаа. Үүнд:
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:
- Салбарт 33 жил тасралтгүй ажилласан Баянхонгор аймгийн "Чандмань Баянхонгор" ХК-ийн ахмад ажилтан Ванчигсүрэнгийн Наранцэцэг;
- Салбарт 37 жил тасралтгүй ажилласан Хөвсгөл, Дундговь аймгийн НАА-н байгууллагын дарга асан Зэвэгийн Бэгзжав ;
Алтан гадас одонгоор:
- Төв аймгийн "Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Цэрэндоржийн Батсүх;
- Салбарт 31 жил тасралтгүй ажилласан "Ганбиж" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сүхээгийн Гантөмөр;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Салбарт 25 жил тасралтгүй ажилласан Дорноговь аймгийн "Чандмань-Илч" ОНӨХХК-ийн УХАТ-ын засварчин Бандын Отгонсүх;
- Салбарт 20 жил тасралтгүй ажилласан Хэнтий аймгийн "Хэнтий Ус" ХХК-ийн Ариутгах татуургын засварчин Бадраагийн Бат-Эрдэнэ;
- Салбарт 15 жил тасралтгүй ажилласан "Смарт план" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Балжиннямын Жавзандулам;
- Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр салбартаа 23 жил тасралтгүй ажилласан Улаанбаатар хотын "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын машинч Батхүүгийн Пүрэвдэлгэр нарыг тус тус шагналаа.
Шагналын гардуулах үйл ажиллагааны дараагаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн ойд зориулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн захиалгаар бүтээсэн “90 жилийн ойн түүхэн баримтат кино”-г хурлын арга хэмжээнд оролцож буй нийт төлөөлөгч нар үзүүлснээр тус үйл ажиллагаа өндөрлөлөө.