Ц.Алдархишиг: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гурван сарын хугацаанд 3382 бүртгэгдсэн

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа болон, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг 2020 оны сүүлийн хагас жил, 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар судалсан байна. Судалгааны дүнгийн талаар тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишигтэй  ярилцлаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил хэргийн хэдэн хувийг эзэлдэг вэ. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?

-“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил нь 2020 оны сүүлийн хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулса хэргийн 28.2 хувийг, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 35.8 хувийг эзэлж байна. Энэ төрлийн зөрчил жил бүр өсөж байгаа үзүүлэлт гарсан. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2020 оны сүүлийн хагас жилийн байдлаар 95.6 хувьтай, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 87.7 хувьтай байгаа. Прокурорын байгууллага өнгөрсөн оны сүүлийн хагас жилд 4366, энэ оны эхний улиралд 3382 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Энэ хугацаанд дээрх төрлийн зөрчилд холбогдсон  7230 хүнд шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10-50 цагийн хугацаатай албадан сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээ авч, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл юу вэ?  

-Судалгаанд хамрагдсан зөрчлийн 95 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.  Мөн 90 орчим хувь нь зөвхөн орон гэрт үйлдэгдсэн байгаа юм. 

Зөрчил гаргаж буй хүмүүсийн 90 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бол 70-80 хувь нь хамтран амьдрагч, эхнэр нөхрийн хооронд үүсдэг бол бусад нь хойд эцэг эх, өвөө эмээ, ах дүүсийн хооронд үүссэн гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна.

Мэдээж гэр бүлд үл ойлголцох, маргалдах асуудал гардаг. Энэ асуудлаа согтуу байх үедээ хүчээр шийдвэрлэх гэснээс зөрчил үйлдэгдэж байна гэж харагдаж байна.

-Хохирлыг хэрхэн нөхөн төлүүлдэг юм бэ? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн улмаас бие махбодь, сэтгэл санааны хохирол гарна. Үүнээс гадна эд материалын хохирол учирч байдаг. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдэх үедээ бусдын эд зүйлсийг эвдэлж гэмтээсэн тохиолдолд хохиролд тооцдог. 

Өнгөрсөн 2020 оны сүүлийн хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн улмаас 1.967.000 төгрөгийн хохирол, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 20.940.000 төгрөгийн хохирол учирсан нь  бүрэн төлөгдсөн. 

-Гэр бүлийн хүчирхийлэл даамжирч эрүүгийн хэрэг болсон хичнээн тохиолдол байна вэ? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг байнга үйлдвэл тухайн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл, гурваас дээш удаа гэр бүлийн зөрчил үйлдсэн бол эрүүгийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлж байна. 2020 оны сүүлийн хагас жилд прокурор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлөөс 106 эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 47 холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол энэ оны эхний улиралд 87 эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн. 

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдүүд их хохирдог. Хүүхдийн дэргэд үйлдэгдэж байгаа зөрчлийн хэрэг хэчнээн гарсан бэ. Цар тахлын улмаас хөл хорионд орсон хүүхдүүд гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байсан үед зөрчлийн хохирогч болох нөхцөл бүрдэж байсан уу?

-Хүүхдийн дэргэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж байна. Тодруулбал, 2020 оны сүүлийн хагас жилд хүүхдийн дэргэд үйлдэгдсэн тохиолдол 1266, үүнээс Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр давхар шалгагдсан зөрчил 766 байна. Харин энэ оны эхний улиралд хүүхдийн дэргэд үйлдэгдсэн тохиолдол 863, үүнээс Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр давхар зүйлчлэгдэн шалгагдсан зөрчил 630 гарсан. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл юу байдаг вэ? 

-Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд гэртээ буюу гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, төрөл төрөгсөд, дотно харилцаа бүхий хүмүүсийн хооронд үйлдэгддэг учраас иргэд өөрийн болон гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалж хүчирхийллийг бусдаас нуудаг. Мөн зөрчлийн холбогдогчид шүүхээс зөвхөн баривчлах шийтгэл оногдуулдагтай холбоотойгоор өмнөх өгсөн мэдүүлгээсээ буцах, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах, худал мэдүүлэх, шалгуулахгүй байх зэргээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг нотлон шийдвэрлэхэд хүндрэл гардаг. 

 

С.Саруул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631564
0 эможи

keyboard_arrow_up