ГЕГ: “Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ
Эхлэл Брэнд ХХК-аас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх Hulan21 Plus нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулсан билээ. Гэвч бүрэн ажиллагаатай гар утсыг сэлбэг хэмээн мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй талаар мэдээлэл гарсан байсан.
Тэгвэл үүнтэй холбоотой ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар тайлбар өгөхдөө, "2021 оны 9-р сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажиллахад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Үүнд ойролцоогоор 170 сая төгрөгийн нөхөн татвар, 60 гаруй сая төгрөгийн торгууль төлүүлэхээр урьдчилсан байдлаар шийдвэрлэсэн.
Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна." гэлээ.