Б.Сүхбаатар: БНСУ-ын иргэн 5,9 кг алт үнэт эдлэл оруулж ирэхийг завдсан
Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар: Эхний есөн сарын хугацаанд 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Ердийн үед 2500-4000 гаруй зөрчил илрүүлж 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль төвлөрүүлдэг. Цар тахлын улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар буурсан. Дээрх хугацаанд 2,1 тэрбум төгрөгийн татвар, 1,2 тэрбум торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Мөн 37,9 сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгож, 56,8 сая төгрөгийн үнэ бүхий барааг түр хураасан.
БНСУ-аас ирсэн иргэн биедээ 5,9 кг алт үнэт эдлэлийг авч яван, гаалийн байгууллагад оруулж ирэхийг завдсан ба үүнд 30,9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн үүнд 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
2021 оны 9-р сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажиллахад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна" гэв.
Их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа үнэт эдлэлийг заавал гаалийн мэдүүлэгт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатай гэдгийг анхаарууллаа.