Т.ГАЛДАА: Авилгын хэрэг дээр ялын бодлогоор ТЭМЦЭХ АСУУДАЛ үнэхээр сул байна
Монгол Улсын гавьяат хуульч, ахмад прокурор Т.Галдаатай ярилцлаа.
Та чөлөөндөө гараад хэдэн жил болж байгаа вэ. Одоо ямар ажил, албатай байна вэ?
Тэтгэвэрт гараад найман жил болж байна. “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багшлаач гэсэн урилгаар очоод багшилж байгаа. Оюутнуудад хичээл заах зүгээр юм. Орчин нь тайван сайхан байна. Хүн ер нь чадахаасаа чадахгүй хүртлээ явах нь зөв байх.
Олон нийтийн дунд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан байна. Хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргах тохиолдол байгаад байна гэх ойлголт түгээмэл боллоо. Уг нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
Сүүлийн 10 орчим жилд салбарынхаа өдөр тутмын ажилд хутгалдаагүй, чөлөөнд гарсан учир нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Гэхдээ энэ салбарт ажиллаж байсан учир тандалт хийж, зарим зүйлийг эргэцүүлж бодолгүй яахав. Таны хэлдэг үнэн. Хуулийн байгууллагыг сайнаас илүү муу гэх пиар нь түлхүү явж, сөрөг ойлголт, мэдээлэл их гарах боллоо. Хуулийн байгууллагад бие даасан хараат байдал алдагджээ, үзэмжээр асуудалд хандаад байна гэсэн уур амьсгал олон нийтийн дунд явж байна. Би насаараа хуулийн байгууллагад ажилласан хүний хувьд нийгмийн сэтгэл зүй ийм зүйл рүү чиглэнэ гэдэг тун осолтой хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг гэдгийг хэлье. Хуульдаа итгэдэггүй, хуулийн байгууллагад итгэдэггүй байдал бий болчихвол ямар нийгэм бий болох юм бэ. Нөгөө ардчиллын амин сүнс болсон хуулиа дээдэлдэг, хуульдаа захирагддаг, хуулийн байгууллага нь хараат бус байх алтан дүрэм алга болчихвол эмгэнэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс үүн дээр авах гээхийн ухаанаар хандах ёстой гэж нэгдүгээрт бодож байна.
Хоёрдугаарт, ер нь нөлөөлөөд байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтны хүрээнд, магадгүй байгууллага дотор ч гэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Ажиллаж байгаа хүмүүс ганц хэвээр цутгасан биш шүү дээ. Чадвар, мэдлэг, арга туршлага, ёс зүйн хувьд янз бүр л байгаа. Тэгэхээр нэг алтан шугамаар явна гэж байхгүй. Гэхдээ үүн дээр нэгдсэн бодлого, зарчим, хандлага нь зөв байх юм бол эерэг уур амьсгал баттай бүрдэнэ гэж ойлгож байгаа. Ер нь манай хуулийн байгууллагад тийм нөхцөл бүрэлдсэн гэдэгт итгэлтэй байдаг. Гагцхүү цөөн тооны бүтэлгүй хүмүүсээс болж нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэгч зүйл болоод байна. Цөөн хүний буруутай үйлдлийг хуулийн байгууллагын нэр хүндэд халдааж, нийтээр тийм мэт боддог. Тэгэхээр хоёр талаас нь бодож, хандах шаардлагатай. Зөвхөн нэг тал руу хандаад байж болохгүй. Олон түмэн ойлголтоо зөв болгох, хуулийн байгууллага ч дотоод ажилдаа анхаарах ёстой.
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас гаргасан мэдээллээр 2015-2020 оны хооронд 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 18 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэх мэдээллийг харсан. Өөрөөр хэлбэл, гомдол мэдээлэл асар өндөр байгаа боловч яг нотлогдоод шийтгэл хүлээсэн хүн тун цөөн байна. Та энэ тоо баримтаас ямар дүгнэлт хэлэх вэ?
Хоёр талаасаа авч үзэх асуудал. 1900 гаруй шүүгчид холбогдох гомдол хүлээн авсан гэхээр манай улсын нийт шүүгчийн тоотой харьцуулбал тун өндөр дүн юм. Гэхдээ цөөн буюу 18 хүн хариуцлага хүлээсэн байгаа биз. Эндээс маш цөөн гомдол бодитой, бусад нь шүүгчид дургүйцсэн хандлагын илэрхийлэл байж болно. Нөгөө талаас сахилгын шийтгэл хүлээсэн 18 хүнээс гадна ёс зүйн алдаа гаргасан хүмүүстэй холбогдох асуудлыг давхар авч үзэх ёстой. Тухайн шүүгч ёс зүйн зөрчил гаргачихсан. Гэхдээ шалгаж байгаа байгууллага уг асуудлыг харгалзан үзэж, хянан шийдэхгүйгээр хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж байна гэсэн орон зайг гаргаж өгөөд байвал аюултай. Тийм учраас зөвхөн шүүгч ч гэлтгүй хуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнд ёс зүйн асуудал тун чухал юм. Мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд засаж залруулж болно. Харин ёс зүйн алдаа гаргалаа гэхэд тэр нь мэдэгддэггүй. Тэгэхээр тэр зүйл дээр нь хуульчдыг бэлтгэх, тавих хяналт шалгуур талаас нь анхаарах, бодох ёстой юм болов уу гэж үздэг. Ерөөсөө мэргэжлийн ур чадвараас гадна ёс зүйн асуудлыг онцгой зэрэгцүүлж авч үзэхгүй бол болохгүй. Одоо бол шүүгчдийн ёс зүй хуульчлагдаад дүрэмд нь ороод явж байна. Цаашид ч төрийн албаны ёс зүйг хуульчилна гэж яриад байгаа биз дээ. Уг нь хуульчлагддаг зүйл биш. Амьдралынхаа хэв маягаар аваад явчихдаг уламжлалтай, зан үйлээр зохицуулагддаг хэм хэмжээг хуульчлана гэдэг чинь тэнд болохгүй юм байгаад байгаа учир, уг албанд шалгаж сонгохдоо ёс зүйн алдаа дутагдалтай нөхдийг оруулаад ирчихдэг учир аргаа барахдаа хуулиар зохицуулах гэж байна. Ёс зүй бол тун чухал.
Нийгэмд хууль шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байна гэх ойлголтыг хамгийн их дэврээж байгаа нэг хэрэг бол С.Зориг агсны хэрэг. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн боловч эргэж буцаад тун ойлгомжгүй байдал үүсгээд байхад эргэлзэхээс аргагүй. Та хэргийн учир зангилааг хэр мэдэх вэ?
С.Зориг агсны хэрэг дээр би хяналт тавьдаг прокурор байгаагүй. Яахав, прокурортоо ажиллаж байсан. Хэрэг материалтай нь танилцаж яваагүй ч гэсэн зарим талаар үзэл бодлоо илэрхийлж байсан талтай. Анх хэргийн газрын үзлэгээс эхлээд л алдсан зүйл байгаа. Сайд дарга нар гээд баахан хүн орж ирээд хэргийн газрыг завхаруулчихсан зүйл байдаг. Хуулиар тогтоосон горимоо барьж чадаагүй. Үүнээс болоод анхны эд мөрийн баримтын шинж чанартай зүйлс утга чанараа алдсан, элдэв хэл ярианы үүдлийг тавьсан асуудал бий. Одоо илүү аюултай нөхцөл байдал үүсч байна. Эрүүдэн шүүлт тулгасан гэж байна. Цацагдсан бичлэг энэ тэрээс харахад үнэхээр хүнлэг бус хандаж, конвенцийн заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна.
Би тухайн хүмүүс үнэхээр хэргийн алуурчин мөн үү, биш үү гэдэгт юм хэлж чадахгүй. Гол нь энэ хэргийг дагасан үйл явцаас бид сургамж авах ёстой. Уг нь энэ чинь их тодорхой хэрэг шүү дээ. Богино хугацаанд болчихсон. Хэргийн газар ул мөр, хохирогч бүгд байж байсан. Манай хуулийн байгууллагууд энэ байтугай далд хэргүүдийг илрүүлж чаддаг. Гэвч С.Зориг агсны хэрэгт дээр доорын нөлөөлөл, янз бүрийн асуудал хутгалдсан байхыг үгүйсгэдэггүй. Тийм учраас өчнөөн олон жил үргэлжилж, зарим нь хэлмэгдсэн юм шиг асуудал үүсээд явж байна. Энэ бүхэн манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа, хуулиа сахидаг дэг журам, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг горим журам тодорхой хэмжээнд алдагдсаны уршиг өдгөө ингэж илрээд байгаа юм. Авлига, албан тушаалын хэргүүд дээр ч ялгаагүй. Бид хийдэг ажлаа хийгээд явж байсан бол бүх бололцоо байна. Ул мөрөө үлдээдэггүй хэрэг гэж байхгүй. Тэгэхээр зохих ёсоор нь явсан бол энэ мэт хэрэг аль эрт зүгээ олчихсон байх ёстой. Одоо энэ хэргийг хурдан шийдэж, нийгмийн элдэв эргэлзээг тайлах ёстой.
Ер нь хуулийн байгууллага хийх ёстой ажлаа дүрэм журмынхаа дагуу хийдэг. Хэрэв буруудвал түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх учиртай. Зөв бол хамгаалдаг зориг, сэтгэлтэй байх ёстой. Би хариуцсан хэргийнхээ хувь заяаг даах ёстой байхгүй юу. Харин хуулийн байгууллагын нэр төрд сэв суух ёсгүй, ариун байх ёстой. Хуулийн байгууллагын шийдвэр шударга гарах нь бусдад буян үйлдэж буй хэрэг юм.
Ер нь албан тушаалын гэмт хэргүүд дээр хөндлөнгийн нөлөөлөл их байна. Хэргийг хянан шийдвэрлэх гэж цаг хугацаа их алдаж, сунжруулдаг асуудал байна гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
Хэрэг хянан шийдвэрлэх гэж удаж байна гэдэг нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарна. Үнэхээр удах нөхцөлтэй хэргүүд байна. 50-60, түүнээс олон хавтастай хэргийг хянан хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй. Прокурор хэргийг эхнээс нь эцэс хүртэл дахин дахин нягталж, шалгаж үнэлсний үндсэн дээр дүгнэлт гаргах учир асар их хариуцлага хүлээж, тэр хэрээр хугацаа шаардсан ажил болдог. Үүнээс хамаарч удах асуудал хөндөгдөж байна. Харин ингэж удахад хуулиар тогтоосон хугацааны дагуу сунгалт хийгээд явж байвал хууль ёсны дагуу л явж байгаа юм. Тэрнээс биш ширээнийхээ нүдэнд хийж түгжчихээд яваад байж болохгүй. Үүнд хариуцлагын асуудал хөндөгдөнө.
Би ажиллаж байх хугацаандаа баримталж байсан зүйл бол хэрэгт үнэхээр ач холбогдолтой зүйлээ олж тогтоох, түүнийгээ хууль ёсонд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авахад ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Үүнд оролцогчдын эрхийг бүрэн дүүрэн хангасан байх хэрэгтэй. Манай хашир туршлагатай хүмүүс анхнаасаа түүвэр хийчихдэг. Энэ нь цаг хугацааг хэмнэж өгдөг. Энэ мэтийн арга хэрэглэх, орчин үеийн техникийн дэвшлийг ашиглаж шинжлэх зэргээр хувь хүний санаачлага, ур чадварын асуудал ч байна. Аль аль талаас авч үзэх хэрэгтэй. Наад зах нь манай хуулийнхан өндөр ачаалалтай ажилладаг. Тиймээс хүнээ бодох ч ёстой.
Авлига, албан тушаалын хэрэг нэмэгдэж байгаа нь улс орны хувь заяанд ноцтой асуудал дагуулдаг. Төрийн албан тушаалтнууд хууль шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, ил цагаан мэдэгдэл хийдэг, олон нийтэд хуулийн байгууллага хөндлөнгийн нөлөөнд автсан мэт ойлголт өгдөг. Цаашлаад гутал хувцсандаа хүртэл хэдэн саяар нь авлигын мөнгөө нууж байгаад баригдчихаад холих ялаас мултардаг, түүнд нь нийцүүлж хууль батлаад ч байна уу гэх хардлагууд бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Сенсацитай хэргүүд дийлэнх нь авлига, өндөр албан тушаалтнуудтай холбоотой байна. Манайхан загас, жараахайг нь барьчихаад тулуудыг нь орхичихлоо гэж ярьдаг. Тулуудын асуудлыг хүчтэй яримаар санагддаг. Түүн дээр манай хуулийн байгууллагууд бодлоготой хандах ёстой. Ер нь авлигын хэрэг дээр уддаг асуудал байна. Хэдэн жилээр үргэлжилдэг. Бараг хөөн хэлэлцэх хугацаагаар дуусдаг. Эсвэл тэр хугацааг дуусгах гэж тоглолт хийдэг ч хүн байна. Арга саам хайж хэргээ буцаасаар байгаад нөгөө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг. Ийм зүйл гарсан шүү дээ. Хуулийн цоорхойг ашиглаж байгаа юм. Энэ бол хууль тогтоогч нарын алдаа.
Хуульч хүний хувьд бодоход авлигын хэрэг дээр ялын бодлогоор тэмцэх асуудал үнэхээр сул байна. Авлигын хэрэг 11 зүйл, 24 хэсгээс бүрдсэн байдаг. Үүнээс гурван зүйл, найман хэсэг нь хүнд, бусад нь дандаа хөнгөн ялтай. Ялын бодлого нь найман жил хүртэл хорих ялтайгаар хялбаршуулаад шийдчихдэг. Нөгөөх нь аргагүй нотлогдоод ирэх үед “За миний хэргийг хялбаршуулаад шийдээд өгөөч” гээд прокурортоо гомдол хүсэлтээ гаргаад “Би үүн дээр ийм ял авъя” гэж тохироод шүүхээр ороод тэрүүгээр нь шийддэг. Энэ бол хуулийн цоорхой. Авлигын хэрэг дээр ялын бодлого чанга байх хэрэгтэй. Маш өчүүхэн хувьд нь хорих ял оноож байгаа шүү дээ. Ихэнх нь дандаа торгууль. Тэрбум төгрөг идсэн хүнд 200 сая төгрөгийн торгууль юу юм бэ. Энэ мэтийн юман дээр хууль тогтоогч нар анхаармаар байна. Хялбаршуулах гэдэг нь шинэ дэвшил л дээ. Гэхдээ үүнд ямар хэрэг хамааралтай вэ гэдгийг ялгаж салгахгүй бол авлигын хэрэгтэн гүрийж байгаад сүүлдээ хэрэг нь нотлогдоод ирэхээр прокурорт хүсэлт тавьдаг. Хуулийн заалт нь байдаг. Иймд хүсэлтийг нь хүлээж авч шийдэхээс өөр арга байдаггүй. Прокурортойгоо тохироод ороод ирсэн зүйл дээр шүүх 24 цагийн дотор шийддэг. Эрхзүйн орчин нь ийм учир дагахаас аргагүй. Бид авлигын хэрэгтэй хүнд өөрөөр хандана гээд хуулиас гажиж хатуу шийтгэл оноогоод байж болохгүй биз дээ. Хууль дүрмээ л сахина. Тэгэхээр хууль тогтоогч нар энэ мэт байдлыг засаж залруулах хэрэгтэй.
Угаас авлига гэхээр улс төртэй холбогддог. Тиймээс өөрийгөө болон хамаарал бүхий этгээдүүдээ хамгаалах гэж улстөрчид угаасаа хуулийн ийм цоорхойг бий болгож өгсөн юм биш үү?
Манай хууль тогтоогчид авлигачидтай бусдаас өөр аргаар тэмцэх ёстой юм байна. Үүн дээр хуулийн бодлого, ялын дэглэм чанга хатуу байх хэрэгтэй байна. Үнэхээр цээрлэл, хүмүүжил авдаг хэмжээний ял тэдэнд оногдох ёстой гэсэн асуудлыг бодолцохгүй байна. Магадгүй ийм байдал надад ч тохиолдож болзошгүй гэсэн байдлаар ханддаг юм болов уу гэсэн муухай гэхээс өөр аргагүй бодол төрдөг. Тийм байж боломгүй юм. Манай хууль тогтоогчдын хүсэл зориг зарим зүйл дээр илтэд харагдаж байна шүү дээ. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэлмээр байна. Авлигын хэрэгтэй хүмүүс үүгээр урсаад гараад л явсан. Хууль эрхзүйн зөв байх хэрэгтэй. Хууль эрхзүйн орчин буруу байгаад түүнийг хэрэглэсэн шүүгч, прокурорт ялыг халдааж болохгүй. Шийдэхээс яадаг юм. Хууль дүрэм нь тэгээд заачихсан юм чинь. Тэгэхээр үүнийг хуулиар нь зохицуулаад өгчихвөл шүүгч, прокурорт хийх ажил нь тодорхой болчихно. Хууль бол хөдөлшгүй зүйл биш. Өөрчлөлт хэрэгтэй бол оруулах л ёстой. Нийгэм авлигын хэргийг ял зэм хөнгөн гэсэн сэтгэлзүйтэй байна, уг цоорхойг бөглөх ёстой гэж үзвэл хууль тогтоогч нар кноп дараад л шийдэж орхино. Тэгэхээр тийм хүсэл зориг байна уу гэдэг асуудал байна. Ийм хүсэл сонирхлын тухай ярихаар улс төр рүү орчих гээд байна. Ярилцлагын төгсгөлд би ганц хоёр зүйл онцолж хэлмээр байна.
За бололгүй яахав?
Зарим хэрэг, тэр тусмаа улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл нийгмийн том массын анхаарлыг татсан хэргүүд дээр хэн нэгэн гарч ирээд элдэв тайлбар хэлэх, хууль шүүхийн байгууллагыг буруутгах, илтэд худал мэдээлэл тараах асуудал байдаг. Тэр ч бүү хэл Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж ярьдаг болж. Энэ байж боломгүй асуудал юм. Шүүмжлэл байж болно. Тэгэхдээ илт худал гүжирдлэг тарааж, дайрч доромжлон гутаах зэргээр хувь хүн, байгууллагын нэр төрд халдаж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохгүй. Нөгөө талаас хуулийн байгууллагаас шийтгэл оноосон, эсвэл цагаадсан бол үндэслэл дүгнэлтээ нэгд нэгэнгүй тайлбарлаад танилцуулчихдаг байх хэрэгтэй. Хуулийн байгууллагын шийдвэр аль нэг талд гарна. Дундын шийдвэр гэж байхгүй. Хууль зүйн үндэслэл дээр суурилж гарч байгаа. Үүнийгээ тайлбарлаад танилцуулчих хэрэгтэй. Ингэвэл нийгмийн эргэлзээг тайлж, хууль шүүхийн байгууллага хэн нэгний захиалгаар нөлөөнд автаж ажилладаг мэт ойлголт түгээдэг этгээдүүдийг хумьж чадна.
Түүнчлэн, манайхан нэг нэгнээ элдвээр хэлдэг, доромжилдог, гутаадаг хандлага газар авч байна. Хүний ёс жудаг талаасаа ч монголчууд муу юмыг дэвэргэдэггүй ард түмэн. Үүн дээр анхааралтай хандмаар байна. Ялангуяа, манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориуд хэлмээр байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг ингэтэл нь дэвэргэж тавих гэж бодогдох зүйл гардаг. Хэвлэлийнхэнд хүчирхэг зэвсэг байна. Гэхдээ хууль шүүхийн өмнө хүний нэр төрд халдах ёсгүй, эрх тэгш л байх ёстой. Надад эрх мэдэл нь байна гээд хүн ёсны мөн чанараа орхигдуулчихаад давхиад байж болохгүй. Хуулийн байгууллага дүрэм журмынхаа дагуу ажлаа хийг. Сүүлд хар, цагаан нь гарсны дараа гомдох асуудал байвал зохих журмаар нь тавьдаг орчин нөхцөл бүрдээсэй гэж боддог. Энэ нь муу юмыг хаацайлна гэсэн үг биш. Муу юмыг нэртэй зүстэй, устай нь тавьж байх нь зөв. Харин зарим хүний захиа даалгавар, хувийн сонирхлоор ийм зүйл хийдэг байж таарахгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин 2021.10.04 Даваа №190 (6812) Сэтгүүлч Г.Батзориг