ЭМГЭНЭЛ
АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТ АСАН
ЧОЙСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ
/1957-2021/
Бидний эрхэм хүн Чойсүрэнгийн Бат-Эрдэнэ нь 2021 оны 10-р сарын 02-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ажлын хамт олон бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ч.Бат-Эрдэнэ 1957 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрж, Завхан аймгийн Түдэвтэй суманд бага сургууль, Нөмрөг суманд дунд сургуульд суралцан төгсөж 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж 1980 онд Хөдөө аж ахуйн эдийн засагч-санхүүч мэргэжил эзэмшин 1991 онд АНУ-ын Мерлендийн их сургуульд зах зээл судлалаар, 1992 онд ОХУ-д зах зээл бирж судлалаар, 1999 онд Удирдлагын хөгжлийн институтэд эдийн засаг, улс төр судлалаар тус тус мэргэжил дээшлүүлжээ.
Тэрээр 1980-1985 онд Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйд ерөнхий эдийн засагч, 1986-1989 онд Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн удирдах газрын орлогч дарга, 1989-1991 онд Төв аймгийн Баяндэлгэр сум-нэгдлийн дарга, 1991-1993 онд Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэд дарга, 1993-2000 онд Монголын хөдөө аж ахуйн “Мон-Хаа” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2005 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, 2005-2014 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд төсвийн ерөнхий менежер, 2014 оноос Хот байгуулалт, зураг төслийн “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ний захирлаар ажиллаж байлаа.
Ч.Бат-Эрдэнэ нь Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бүрдүүлж, дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилт тавьж ажиллахын зэрэгцээ бидэндээ нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, мэдлэг чадвараа зааж сургадаг, үлгэрлэн дагуулдаг, шилдэг удирдагч, манлайлагч, жинхэнэ төрийн зүтгэлтэн байлаа Та минь.
Тэрээр 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан түүхэн гавьяатай хүн байсан.
Ч.Бат-Эрдэнийн ажил хөдөлмөр авьяас чадварыг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Хөдөө аж ахуйн хоршооллын тэргүүний ажилтан, Санхүүгийн тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнагдсан билээ.
Талийгаачийн улс эх орон, байгууллага хамт олон, анд нөхдийнхөө төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэл, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ХАМТ ОЛОН