Битүү орчинд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байх хүсэлтийг УОК-т хүргүүлжээ
Энэ тухай УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Халдварлах чадвар маш өндөртэй коронавирусийн дельта хувилбарын дэгдэлтийн энэ үед битүү орчинд урлаг соёлын үйл ажиллагаа явуулах, олон хүн бөөгнөрүүлэх арга хэмжээ зохиох болон тийм үйл ажиллагаанд иргэд амны хаалтаа авч үйлчлүүлэх нь өөрөө маш их эрсдэл дагуулж байгаа.
Тиймээс бид ийм арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна. Мөн ийм үйл ажиллагаанд иргэд оролцохгүй байхыг хүсье. Учир нь дельта хувилбарын халдварлах чадвар маш өндөр тул зохион байгуулагчид, оролцогчид халдвар авах эрсдэл нь их.
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд гэртээ байгаа вакцинд хамрагдаагүй хүүхдүүд болон эрсдэлт бүлэг болох жирэмсэн эмэгтэй, өндөр настнуудад халдвар тараах аюултай.
Улмаар тухайн гэр бүлийн гишүүд хүндрэх, амь насаараа хохирох асар эрсдэл байгааг сануулж байна" гэв.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "ЭМЯ болон ХӨСҮТ-өөс битүү орчинд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, амны хаалтаа авч үйлчлүүлдэг тодорхой үйлчилгээний газруудыг цагийн хязгаарт оруулах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа хүргүүлсэн" гэдгийг хэллээ.
Түүнчлэн “Урлаг соёлын арга хэмжээнээс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүд нэг дор үйлчлүүлж буй иргэдийн тоог хязгаартай байлгах нь зүйтэй. Мөн хувь хүний хариуцлага маш их чухал" гэдгийг НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд сануулав.