Дунд сургуулийн 28000 сурагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад байна
Цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 227 сургууль байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 28 мянга 23 суралцагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад шилжиж, хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлж буй юм байна. Одоо танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 320 сургуулийн 22 мянга 449 суралцагч байгаа аж. Гэхдээ яамнаас 100 хувь цахимд шилжүүлсэн эсэх талаарх мэдээллийг энэ долоо хоногийн сүүлчээр өгөх боломжтой гэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 26-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь дархлаажуулалтад хамрагджээ. Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургуульд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг салбар яамнаас мэдээлсэн.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм.