Н.БАТМӨНХ: Гэр бүлийн тогтворгүй байдал, хардалтаас үүссэн зөрчлүүд түгээмэл байна

2021 оны 9 сарын 30

Arslan.mn

Он гарснаас хойш Хөвсгөл аймаг дахь гэмт хэрэг, зөрчлийн гаралт ямар байгаа талаар тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнхөөс тодрууллаа.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар хэчнээн зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан бэ?

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2021 оны эхний хагас жилд 13742 зөрчилд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1417 буюу 11.5 хувиар өссөн. Дээрх зөрчлүүдийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 87 хувийг газар дээр нь торгох шийтгэл оногдуулж, 1780 гомдол, мэдээлэл буюу 13 хувийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгаж шийдвэрлэсэн байна.

Бүртгэлд авч шалгасан гомдол, мэдээллээс 18.4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 49.9 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 30 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 0.6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Танай аймагт ямар төрлийн зөрчлийн хэрэг түгээмэл үйлдэгдэж байна вэ?

Хөвсгөл аймагт үйлдэгдсэн зөрчлүүдэд дүгнэлт хийхэд ихэвчлэн Зөрчлийн тухай хуульд заасан “Танхайрах” зөрчил, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил үйлдэгдэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил дийлэнх буюу нийт зөрчлийн 79 хувийг эзэлж байгаа юм. Зөрчлийн хэрэгт ихэвчлэн 25-49 насны, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин иргэд холбогдож байна.

Зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл нь нэгдүгээрт, архи согтууруулах ундааны зүйлийг иргэд хэтрүүлэн хэрэглэдэг, үүнээсээ шалтгаалж иргэд хоорондоо маргалдаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэдэг. Хоёрдугаарт,  эхнэр, нөхөр болон хамтран амьдрагч нарын хоорондын хардалт, гэр бүлийн тогтворгүй байдлаас үүссэн маргааны улмаас зөрчлүүд үйлдэгдэж байна.

Мөн иргэд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эсвэл эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог байдлуудаас шалтгаалж зөрчил ихэвчлэн үйлдэгдэж байна. Энэ нь иргэдийн ухамсар, хууль, эрх зүйн мэдлэг боловсрол дутмаг байгаатай бас холбоотой байна.

Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 519 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар өссөн. Дээрх гомдол, мэдээллийн 55.7 хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78.5 хувьд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Үйлдэгдсэн хэргүүдийг урьд оны мөн үетэй харьцуулахад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг 50.7 хувиар, 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг 21.7 хувиар, 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 60 хувиар, 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг 12.5 хувиар, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг 75 хувиар, 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг 30.7 хувиар тус тус өссөн. Мөнгө угаах гэмт хэрэг өссөн байгаа нь хулгайлах төрлийн гэмт хэрэг өссөнтэй шууд холбоотой байна.

Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс харахад Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах”, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу   “Хулгайлах”, “Мал хулгайлах”, “Залилах”, Хүрээлэн байгаа орчны эсрэг  гэмт хэрэг буюу “Хууль бусаар мод бэлтгэх”, “Хууль бусаар ан агнах”, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд их байгаа.

Газар нутгийн байршил, онцлог нөхцөл байдлуудаас шалтгаалж тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгддэг. Тухайлбал, манай аймаг нь хойд талаараа ОХУ, түүний Буриад, Тува улсуудтай хиллэдэг учраас ОХУ болон Монгол Улс талаасаа иргэд намар, өвлийн улиралд ан хийх зорилгоор явж байгаад санаатай болон санамсаргүй байдлаар хил зөрчиж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэх тохиолдол байдаг. Энэ төрлийн хэрэг жилд дунджаар нэгээс хоёр үйлдэгддэг бол энэ онд гараагүй.

Аялал, жуулчлалын улирал буюу зун, намрын улиралд иргэд Хөвсгөл нуурын эргийн орчим амарч, зугаалж, усанд орох үедээ санамсар, болгоомжгүй байдлын улмаас усанд хөл алдаж, амь насаа алдах, өвлийн улиралд буюу нуур хөлдсөн үед нутгийн иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөн үйлдэж, улмаар мөс цөмрөх, бүрэн хөлдөөгүй харзтай хэсэг рүү орсноос амь насаа алдах зэрэг харамсалтай хэрэг, тохиолдлууд гардаг.

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг манай аймагт төдийлөн гараад байдаггүй боловч үйлдэгдэхээр хувь хүн хоорондын болон гэр бүлийн таарамжгүй харьцаа, хүчирхийллээс шалтгаалж эсвэл газрын бэлчээрийн маргаанаас үүдэлтэйгээр нэг удаагийн үйлдлээр олон хүний амь насыг хохироож, улмаар өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэрэг гарсан.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

Гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь ажилгүйдэл. Иргэд тодорхой ажилгүй, орлоггүйн улмаас гэмт хэрэг үйлдэх тохиолдол их байна. Тухайлбал, орон байрны болон малын хулгай, хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ан хийх гэмт хэргүүд дээрх шалтгааны улмаас үйлдэгдэж байна.

Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой байдлаар хэрэглэж сураагүй буюу хэтрүүлэн хэрэглэдэг, улмаар хоорондоо маргалдах, бие биенийхээ эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж хохирол учруулдаг. Түүнчлэн ухамсар, боловсролын түвшин, хууль, эрх зүйн мэдлэг, боловсрол дутмаг байдал гэмт хэрэг, зөрчилд холбогдоход нөлөөлж байна.

Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор Хөвсгөл аймгийн прокурорын газраас дангаараа болон бусад хууль, хяналтын байгууллагуудтай хамтран тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, энэ онд “2020 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл”-үүдийг судалж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт танилцуулга, мэдээлэл хүргүүлэн хамтран ажиллаж байгаа. Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдсэн болон өссөн сумдын удирдлагуудад прокурорын мэдэгдэл бичиж, орон нутгийн радиогоор иргэдэд мэдээлэл өгөх зэрэг ажил зохион байгууллаа. Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар Зөвлөл, Цагдаагийн газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран “Эко-2021”, “Байгалиа хамгаалъя”, “Хяналт-шалгалт” зэрэг хамтарсан аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласны зэрэгцээ иргэдийг соён гэгээрүүлэх, тэдэнд хууль, эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631390
0 эможи

keyboard_arrow_up