Бид нэг алхаж байхад гал 360 градуст хоёр алхдаг

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

“Алдвал галдана” нөлөөллийн аяныг анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү аяныг өрнүүлэх болсон шалтгаан, уг аян ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран  “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй аяныг энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулж байна. Гал алдах л юм бол түймэр болно гэдэг ойлголтыг иргэдэд зөвөөр таниулах, гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм.  Энэ төрлийн томоохон хэмжээний аян нийслэлд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ их онцлогтой.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан ой, хээрийн түймрүүдийг бид нүдээр харсан. Австрали, Сибирьд гарсан олон улсыг дамнаж байгаа түймрүүд бидэнд өнөөдөр ч нүүрлэх боломж нөхцөлийг байгаль бүрдүүлчихсэн байгаа. Тиймээс санамсар болгоомжгүйгээс түймэр гаргачих вий гэдэг талаас нь анхааруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор энэхүү аяныг эхлүүлээд байгаа юм.

Намар бол манай орны хувьд их онцлогтой улирал. Хэдийгээр буцаж байгаа улирал боловч жимс ногоо боловсорч, тариа будаа, ургацаа хураадаг, хөл хөдөлгөөн, аялал зугаалгын өдрүүд үргэлжилдэг.

Байгаль, цаг агаар, уур амьсгалын нөхцөл хуурай сэрүүн болж, мод шилмүүс навчсаа гөвдөг. Газарт унасан хуурай навчис, хөрсний бүтэц, намрын ширүүн салхи зэрэг нь байгаль өөрөө шатахад бэлэн байгааг илтгэдэг. Үүн дээр хүний санамсар болгоомжгүй үйлдэл нэмэгдэхэд л түймэр гарах аюултай. Тиймээс анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй. Аялж зугаалж байхдаа аль болох ил гал гаргахгүй байх, татсан тамхины иш, ил галаа бүрэн унтрааж, хог хаягдлаа зориулалтын хогийн саванд хаяж, хэвшил болгохыг зорьж энэхүү аяныг зохион байгуулж байна.

“Алдвал галдана” аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх онцлог ажил юу вэ?

Түймрийн хамгийн том хор хөнөөл нь унтарсны дараа эхэлдэг. Түймрийн дараа ойн амьдрал үгүй болж тэнд байсан ан амьтдаас амьд үлдсэн цөөхөн хэд нь идэх хүнс, амьдрах орчингүй болдог. Учир нь тухайн ойн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатан үгүй болдог.

Энэ бүхэн эргэн сэргэж, амьтад эргээд хэвийн амьдралдаа ороход хэдэн арван жил шаардлагатай. Ойн тэнцвэртэй байдалд амьтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойн амьдралын орчин хэдэн арав биш хэдэн зуун, мянган жилээр хэмжигддэг юм. Тиймээс иргэд намрын хуурайшилттай энэ цаг үед ойд явахдаа түймэр гаргахгүйн тулд эрсдэлийг тооцоолж, аль болох гал асаахгүй байж, маш болгоомжтой аялахыг анхааруулж, иргэдийн ихээр аялал зугаалгаар явдаг газруудаар сэрэмжлүүлэг самбар байршуулж, олны танил хүмүүсээр нөлөөллийн видео шторк бэлтгэн цахим орчноор түгээн ажиллаж байна.

Мөн тус  аяны хүрээнд иргэддээ мод тарихыг уриалж, байгальд явахдаа байгалиа дээдэлж байгаагаа үйлдлээрээ үзүүлж, амьтдыг айлгаж үргээлгүй, сэрэмжтэй аялж зугаалахыг хэвшил болгохыг зорьж байгаа юм.

Ой хээрийн түймрийн хор уршгийн талаар хэлж анхааруулсаар байтал иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж өөрийгөө болон бусдыг аюулд оруулах тохиолдол цөөнгүй гардаг.  Иргэдийн гал алдаж байгаа дийлэнх шалтгаан нь юу байна вэ?

Хүн нэг алхахад гал 360 градуст хоёр алхдаг. Гэнэт ассан галыг хэдүүлээ байсан ч зогсоох боломжгүй.

Хавар, намрын хуурайшилтын үед ойн түймэр гарах нь ихэсдэг. Намрын хуурай салхи, ургамлын онцлогоос шалтгаалан нэг ширхэг навч шатах төдийд ойг бүхэлд нь түймэрдэх аюултай. Ойн түймрийн 90.0 хувь нь хүний буруутай үйлдлээс болж гардаг учир ойд явахдаа хуурай ургамал, навчийг шатаахгүй байхыг уриалж байна. Ойн түймэр хурдан тархдаг боловч унтраахад хамгийн хэцүүТүймэр гэдэг надаас, танаас хол зүйл биш юм. Түймрийн дараах хор хохирол нь хэмжээлшгүй их. Хүний амь эрсдэх, амьтад амьдрах орчингүй болох, байгаль эх сүйдэх гэх мэт маш их хохиролтой.

Хүний оролцоогүйгээр түймэр гардаг ганц шалтгаан нь аянга цахилгаан буух. Бусад бүх шалтгаан нь хүний оролцоотойгоор гардаг. Гал гаргах гэдэг нь өөрөө хүний хэрэгцээ.  Аялж зугаалахдаа хоол цай хийх, дулаацах хэрэгцээгээ хангахын тулд гал асаадаг. Гол нь эрсдэлийг тооцоолдоггүй. Мэдээж хэн ч түймэр тавина гэж бодож асаахгүй. Гэвч анхаарал болгоомжгүйн улмаас өөрсдөө ч унтрааж зогсоохооргүй түймэр гарган алддаг.

Нийслэл хотод сүүлийн жилүүдэд маш их түймэр гарсан. Учир нь иргэд өнжмөл өвс буюу шар өвсөө шатаахаар дараа хавар нь гоё ногоон өвс ургана гэж бодоод хадахгүйгээр шатаачихдаг. Уржнан гэхэд хойд зуслангийн амнуудад уг шалтгааны улмаас олон байшин шатаж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон.  Өөр нэг жишээ нь гагнуур хийж байгаад жижигхэн оч үсэрч гал түймэр болж дэгдэн хэд хэдэн айлын байшин шатаж, бусдад хохирол учруулсан тохиолдол ч бий. Нийслэлийн хэмжээнд 2020 онд гэхэд шар өвсөө шатаасны улмаас 275 удаагийн түймэр бүртгэгдсэн бөгөөд 59.7 га талбай шатсан. 

Тэгвэл иргэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, юуг анхаарч, мөрдлөг болгох хэрэгтэй вэ?

Түймэр гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай зүйлс нь: 

-Шатах материалаас хол гал асаах;

-Намрын хуурайшилтай үед зугаалгаар явахдаа хог хаяхгүй байх;

-Аль болох гал оч гаргахгүйг хичээх.

- Тэр чигтээ шарласан хээр тал газарт явахдаа зайлшгүй гал гаргах шаардлагатай болбол жижиг хүрз, гар доорх  материалаар  тухайн орчны өвсийг тойруулан авч шороон зурвас гаргах, тогоолох байдлаар гал түлэх;

- Усаар тойруулж манаад, маш сайн нягтлах хэрэгтэй. Ой, хээрийн түймэр гарахад зүгээр ус асгаад унтарчихдаггүй.  Ус асгаж хөрстэй нь зуурч унтраадаг. Ямар нэг байдлаар хөвдөн доор нь цог байдаг учраас түймэр зогсдоггүй. Тиймээс галаа ус, хөрстэй нь хольж зуурч шаварлаг байдалд оруулж унтраасан тохиолдолд бүрэн унтарсан гэж ойлгох хэрэгтэй.

Нэг ой түймэрт өртлөө гэхэд буцаад хэр хугацаанд нөхөн сэргэдэг вэ?

Энгийн модны амьдралын орчил ч хүний амьдралаас хэд дахин урт байдаг. Манай оронд зонхилон ургадаг хуш, гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод 250-400 жилийн настай. Харин хус, улиас зэрэг навчит моднууд 120-150 жил амьдардаг. Эдгээр ой мод түймэрт өртөн шатвал хамгийн багадаа хагас жаран өнгөрч байж нөхөн сэргэдэг.

Ойн амьдралын орчил гэдэг хэдэн зуу, хэдэн мянган жилээр хэмжигддэг учраас үр хойчдоо байгаль дэлхий, ой модоо хэвээр үлдээх эсэх нь өнөөдөр бидний хийх ганцхан жижиг үйлдлээс шалтгаална. Тиймээс иргэд ойд явахдаа галаа бүрэн унтрааж, хогоо байгальд хаялгүй алхам бүртээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Ой, хээрийн түймэрт буруутай этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Ойн тухай хуульд хавар 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, намар 09 дүгээр сарын 20–ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хуурайшилт үүсдэг гэдгийг нарийн зааж өгсөн байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар зүйчилж өгсөн байдаг. Тухайлбал,

24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ой хээрийн түймэр санаатай тавьсан гэмт хэргийн улмаас:

3.1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

3.2.Их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Ярилцсанд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631216
2 эможи

keyboard_arrow_up