Ши Жиньпин нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ хөгжиж буй орнуудад ногоон, нүүрсхүчлийн хийн ялгарал бага эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хилийн чанадад нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн Бээжин хөгжиж буй орнуудын ногоон эрчим хүчний төслүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхийг дэлхийн улс орнуудад уриалсан билээ. Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнуудад олгодог санхүүжилтээ жил бүр ойролцоогоор 11.4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх болно гэж мэдэгдсэн нь таатай байна.
АНУ-ын оруулж буй энэхүү хувь нэмэр нь хөгжингүй орнуудыг амлалтаа биелүүлэхэд ихээхэн нэмэр болно. Түүнчлэн Ши дарга нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын санхүүжилтээ зогсоож, ногоон болон нүүрстөрөгчийн эрчим хүч рүү шилжихээ мэдэгдсэн нь сайн хэрэг” гэжээ. Түүнчлэн Жо Байден “Дөрөвдүгээр сард АНУ, Парисын гэрээний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2005 оныхоос 50-52 хувиар бууруулах зорилт тавьсныг зарлаж байсан. Цаашлаад 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлж, цэвэр эрчим хүч бүхий эдийн засаг болохоор ажиллаж байна.
АНУ-ын засаг захиргаа Конгресстой нягт уялдаа холбоотой ажиллаж, ногоон дэд бүтэц, цахилгаан тээврийн хэрэгсэлд чухал шаардлагатай хөрөнгө оруулалт хийж байгаа. Ингэснээр АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтээрээ тэргүүлэгч болох юм. Бусад хандивлагчдын нэмэлт хөрөнгийн тусламжтайгаар бид хөгжиж буй орнуудад цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл ажиллагааг дэмжихэд 100 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлэх зорилгоо биелүүлэх боломжтой болох юм” гэж мэдэгдэв.
Хэдийгээр БНХАУ нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдэж байгаа ч тус улсад нүүрсний цахилгаан станцууд шинээр ашиглалтад оруулсаар байгаа юм. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн сард Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод жилд 25 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий 16 уурхайд зөвшөөрөл олгосон тухай мэдээлсэн билээ. Нүүрсний уурхайнуудад зөвшөөрөл олгосон нь дотоодын уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдэж байв. Тус улс өнгөрсөн долоодугаар сард 20 нүүрсний уурхайд зөвшөөрөл олгожээ.
Шинжээчид БНХАУ нүүрсний уурхайнуудад зөвшөөрөл олгож байгаа нь тус улсын олон улсын зах зээл дэх нүүрсний үнийн өсөлтийг барих гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм. АНУ, БНХАУ болон Европын холбооны өндөр хөгжилтэй орнууд цэвэр эрчим хүчинд шилжих зорилтын хүрээнд нүүрсний хэрэглээг хязгаарлах томоохон бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн. Харин хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгч БНХАУ-ын хувьд ногоон эрчим хүч рүү шилжихээ мэдэгдсээр байгаа ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байна гэж судлаачид шүүмжилж байгаа юм.
Арав гаруй жилийн өмнө хөгжингүй орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орнуудыг дэмжих зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж олгохоор тохиролцсон боловч энэ зорилгоо биелүүлээгүй юм. Харин 2019 онд хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад 79.6 тэрбум ам.доллар хандивласан нь жилийн 100 тэрбумын зорилтдоо хүрэхэд 20 орчим тэрбум ам.доллар дутжээ. 2015 онд НҮБ-ын хүрээнд Парисын уур амьсгалын хэлэлцээр батлагдсан бөгөөд энэ нь хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах, 2100 он гэхэд дэлхийн дундаж температурыг хоёроос дээш цельсийн градусаар нэмэгдүүлэхгүй байх, дулаарлыг 1.5 градусын хэмжээнд барихад чиглэгдсэн арга хэмжээ авах зорилготой юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
|