Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийх ажил аравдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ
“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна.
Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм.
Тодруулбал, хичээл сургууль эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийнэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 329 автобусны буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа юм.
"Давхардсан тоогоор 1,426 автобусны буудлыг цэвэрлээд байна"
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Нийслэлд байдаг 1,000 гаруй автобусны буудалд судалгаа хийн, хүн олноор зорчдог, хөдөлгөөн ихтэй 329 автобусны буудлыг сонгон, цэвэрлэж байна. Үүнд мэдээж хотын төв, хотын зах, гэр хорооллын бүс нутгууд дахь автобусны буудлууд багтсан. Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1,426 автобусны буудлыг цэвэрлээд байна” хэмээв.
Гүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтой. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хэрэглэж болох зориулалтын цэвэрлэгээ, ариутгалын бодисыг хэрэглэдэг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй талаар албаны хүн онцолж байв.
"Ариутгалын ажлыг нийтийн эрүүл мэндийн төлөө тул иргэд маань хүлээцтэй хандаарай"
Чингэлтэй дүүргийн автобусны буудалд “Гантуяа” ХХК-ийн ажилчид хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байлаа.
Тус компанийн ажилтан Б.Чандмань-Эрдэнэ “Манай компани замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан өдөрт 10 орчим автобусны буудалд хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Ингэхдээ автобусны буудлын талбай, хогийн сав, зорчигчдын суух сандалд хөөстэй цэвэрлэгээ хийгээд хлораминтай усаар давхар ариутгадаг.
Ариутгал, цэвэрлэгээ хийхэд дургүйцэж буй иргэд цөөн байна. Цэвэрлэгээ, ариутгалын ажлыг бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа тул иргэн та хүлээцтэй хандаарай” хэмээн уриалсан юм.
Автобус хүлээн зогсох иргэд ч ариутгал, цэвэрлэгээг халдвар нэмэгдэн, улирлын томуу эхэлж буй энэ цаг үед чухал ач холбогдолтой ажил хэмээж байв.