Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун зүгт 15 километрийн зайд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөл нь энэ өглөө 8.03 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.