ЗАСГИЙН ГАЗАР: Хариуцлага алдсан дарга нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ үүрэгджээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар шатахууны хомсдол, үнийн асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ. Энэ талаар яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Засгийн газрын хуралдаанаар шатахууны хомсдол, үнийн асуудлыг судалж, танилцууллаа. Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ92 шатахууны хэрэглэдэг. ОХУ-аас гэрээний дагуу 28 мянган тонн шатахууныг харилцан авдаг. Өнгөрсөн есдүгээр сард 17 мянган тонн шатахуун л өгсөн. Тиймээс аж ахуйн нэгжтэй хамтран БНХАУ-аас шатахуун авах ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 724 вагон буюу 43300 тонн, үүний 33300 тонн нь АИ92 шатахуун худалдаж авахаар мөнгийг нь төлчихсөн байсан. Гэвч есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Манай таван аж ахуйн нэгжийн мөнгөө төлсөн 33 мянга гаруй тонн АИ92 шатахууны вагоныг тавих боломжгүй гэж хэлсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж аж ахуйн нэгжүүд шатахуундаа хязгаарлалт тогтоож эхэлсэн. Хязгаарлалтыг хийснээр 7-8 хоногийн хугацаанд олон хүнд олгох зохицуулалтыг хийж байна. Шатахууныг яаралтай татаж авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод сууж байгаа Элчин сайд нот бичиг явуулж, уулзах цаг хуваарийг тогтоод байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ч мөн адил уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Ерөнхий сайд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэнд хариуцлага алдсан, тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно" гэж ярилаа.