Иргэд ийм дампуурчихсан Засгийн газар үзээгүй гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номингийн жуулчны баазад МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулаад “Нэг жилийнхээ ойг үзмээр байна, та бүхний хүссэн бүхнийг биелүүлье” хэмээн тулгасан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Таамаглахад хүссэн албан тушаал, тендер, ЖДҮ гээд юу эсийг амласан бол доо. Ийм л амлалт өрнөдөг дөө. Тэр үнэхээр нэг жилийнхээ ойг үзэхийг хүсэж байгаа бол МАН-ын бүлгийн гишүүдэд бус ард түмэндээ амлалт өгөх хэрэгтэй.
Гэтэл нийгмийн бухимдал дээд цэгтээ тулж байна. Шатахуун түлшний үнийн өсөлт, түүнийг дагасан хомсдол, үүн дээр суурилсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гээд ундууцах зүйл олон. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хүнд өгөөжтэй байж болох “Арван их наядын хөтөлбөр”, “Цахим улс” хэмээн нөгөөх л сансрын зүйлээ ярьж сэвэхээс өөр зүйл алга.
Уг нь танхимын тэргүүн чухам аль салбарт юу нь болохгүй байгааг салбарын сайд нараар дамжуулан зохицуулж, болж байгааг нь урамшуулан, болохгүйд нь арга хэмжээ авч явдаг жишиг хаачив. Шатахуун түлшнийхээ нөөцийг зохицуулж үнийг хянаж чадахгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хариуцлага тооцож чадахгүй юм. Нийгэмд үүсээд байгаа бухимдал чухам юунаас эх үүсвэртэй юм, хаана нь юу гацаад байгааг мэддэггүй Ерөнхий сайд уу, эсвэл танхимынхаа сайд нарт базуулсан нөхөр үү.
Мөнхүү цар тахлын халдварын тархалтаа зохицуулж чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, энэ салбарт үүсээд байгаа нөхцөл байдалд яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм. С.Энхболд сайд хоёрдугаар эмнэлгийн эмч байхдаа Ерөнхий сайдын аавыг нь эмчилж эдгээсэн юм гэсэн. Үүнийхээ шанд нэгдүгээр эмнэлгийн дарга болсон, дараа нь сайд болтлоо өндөр авлаа. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа бол явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хоёрын дундах тооцоо дууссан. Бүрэн улсын стратегийн гол салбараар хэдэн сар тоглолоо, болоо юм биш үү.
Нөгөө талаас зам тээврийн салбар бүр утгаа алдлаа. Хил боомтод гацсан ачаа бараа, Дархан, Улаанбаатар чиглэлийн замаас эхлээд болж бүтэж байгаа асуудал нэг ч алга. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гэж нөхөр чухам юу хийж сууна вэ. Энэ талаар Ерөнхий сайд маань мэддэг л байгаа даа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө албан тушаалдаа хайртай юм бол танхимынхаа сайд нарт хариуцлага тооцож ажиллаач ээ. Уг нь ийм муу ажиллаж байгаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээн огцрох ёстой.
Үүнээс гадна Соёлын салбар бол уналаа. Баян айлын эрх охин Ч.Номин Соёлын сайдаар заларч, Төрийн нарийн бичгийн даргаар нь “Хаан бууз”-ын С.Оюунбилэг ажиллаж байна. Хамгийн наад зах нь “Төрийн албаны тухай хууль”-иа зөрчсөн томилгоо ихээр явж, энэ Засгийн газар уруудсаар байна. Нөгөө талаас Шадар сайд С.Амарсайхан гэж нөхөр чухам юу хийж явааг таах аргагүй. Шинэхэн томилогдсон даруйд нэг хэсэг сүгсэлзсэн. Одоо нам чимээгүй. Түүний багцад хамаарах агентлаг газруудад хууль бус алдаа завхрал байсаар байна. Тухайлбал, Стандарт хэмжил зүйн газрын “Түр дарга”-ын хууль бус ажиллагаа, Онцгой байдал дээр үүссэн зарим асуудал гээд түүнд хамаарах агентлаг газарт асуудал олон бий. Гэтэл Шадар сайд нь чимээгүй, Ерөнхий сайд нь чимээгүй суух юм.
Иргэд сүүлийн гучаад жил олон Засгийн газар үзсэн, ийм дампуурчихсан Засгийн газар хараагүй гэж байна. Ардчиллын жилүүдэд Д.Бямбасүрэнгээс эхлээд Л.Оюун-Эрдэнэ хүртэл 17 Засгийн газар, 15 Ерөнхий сайд ажиллажээ. Үүнээс Ц.Элбэгдорж хоёр удаа, У.Хүрэлсүх хоёр удаа ажилласан байна.