ОХУ-аас аравдугаар сарын 1 хүртэл ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ гэж мэдэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2021.09.21/ Төрийн ордонд шатахуун импортлогчидтой уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, шийдэл хайсан билээ.
Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар яг одоо мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Шатахууны үнэ, хомсдлын асуудал үүсч байна. Монгол Улс сард нийт 38-40 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас сар бүр 28 мянган тонн АИ92 авто бензин авах ёстой, өгөх ёстой гэсэн гэрээгээр үүрэг хүлээсэн байдаг. Харин ОХУ-аас "Шатахуунаа нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна, есдүгээр сард 17 мянган тонн шатахуун өгнө" гэх мэдээллийг өгсөн. Тиймээс бид БНХАУ-тай гэрээ, хэлцэл хийсэн. Таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн байдаг. Өнөөдрийн байдлаар сарын шатахууныхаа мөнгийг төлчихсөн байна. Хятадын талтай уулзсан, яаралтай шатахууныг тээвэрлэхэд оруулж ирээч ээ гэж хүссэн. Дээр нь ОХУ-ын "Роснефть" компани аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.