Жолооч нар “Хөшигийн хөндий“- рүү чиглэсэн тууш замыг хурдны зам гэж АНДУУРДАГ
Улаанбаатар-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ. Тэгвэл уг бүтээн байгуулалт гурван жилийн дараа бүрэн дуусч, энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн. Тус авто зам Монгол Улсын анхны тууш зам гэдгээрээ онцлог юм. Тиймээс тус замаар зорчих иргэд Замын хөдөлгөөний ямар дүрэм баримталж, хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах талаар Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албанаас хамтарсан хяналт шалгалт хийж, иргэдэд мэдээлэл өгч ажилласныг сурвалжиллаа.
Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос тодрууллаа.
Б.Чинзориг: Суудлын тээврийн хэрэгсэл дээд тал нь 100 км цаг хүртэлх хурдтайгаар тууш замыг туулах ёстой
-Тууш замын тэмдгийн хажууд бид зогсож байна шүү дээ. Тэгэхээр энэ тэмдгээс цааш тууш замын дүрэм мөрдөгдөнө гэсэн үг үү?
Яг тийм. Энэ тэмдгээс цааш тууш замын хөдөлгөөн дуусах тэмдэг хүртэл тууш замын дүрэм мөрдөгдөнө. Замын хяналтын камерын тусламжтайгаар тууш замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн орж байгаа цагийг бүртгэж, замын төгсгөлд хүрэхэд гарч байгаа цагийг бүртгэснээр зорчих явцдаа хурд хэтрүүлсэн эсэхийг хэмжиж байгаа. Хэрэв хурд хэтрүүлсэн бол уг замыг туулах ёстой хугацаанаас өмнө туулахаар байгаа. Замын баруун гар талд тээврийн хэрэгслийн байрлан явах эгнээ болон хурдны хэмжээг заасан. Суудлын тээврийн хэрэгсэл дээд тал нь 100 км цаг хүртэлх хурдтайгаар тууш замыг туулах ёстой. Хэрэв хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож байгаа.
-Нийт зургаан зорчих хэсэгтэй юм байна. Тэгэхээр иргэд эгнээ байраа зөв сонгож явах нь бас чухал байх, тийм үү?
Уг тууш зам нэг талдаа гурван эгнээ замтай. Суудлын тээврийн хэрэгсэл эдгээр гурван эгнээний аль ч эгнээгээр зорчиж болно. Ингэхдээ аль болох бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр эгнээ байраа сонгож явах нь өөрсдийнх нь болон бусдын аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө. Нэгдүгээр эгнээгээр 80 км цаг хурдалж болох автобус явахыг зөвлөдөг.
-Тууш замын онцлог юу вэ?
Тус тууш зам Монгол Улсын хэмжээнд анх удаа байгуулагдсанаараа онцлог. Тиймээс тууш замын стандартад нийцсэн тусгаарлах зурвас хайсан, хашлагатай. Мал орохоос урьдчилан сэргийлсэн торон хаалтаар гадна талаараа тусгаарлагдсан. Тиймээс уг зам дээр ямар нэгэн байдлаар мал амьтан, явган хүн, унадаг дугуйтай зорчигч явж болохгүй.
-Ямар тохиолдолд зогсолт хийх боломжтой вэ. Тийм зүйл заалт байгаа юу?
Тууш замд түр зогсолт хийхийг хориглодог. Гэсэн хэдий ч амьдрал баялаг учраас тээврийн хэрэгсэл саатах, жолооч зорчигчдын бие муудах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд замын баруун гар тал руу шахаж нэгдүгээр эгнээ рүү зогсоод аюулгүйн тэмдэг буюу аваарын гурвалжин тэмдгээ өөрийн тээврийн хэрэгслээс 50 метрээс багагүй зайд байрлуулж, зорчих хэсгийг чөлөөлөх хэрэгтэй. Учир нь тууш зам дээр тээврийн хэрэгслүүд 100 км цаг хүртэл хурдалдаг учраас эргэлт тойролттой, үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэг дээр тээврийн хэрэгсэл зогсолт хийсэн тохиолдолд жолооч нар харахгүй, харсан ч тээврийн хэрэгслээ зогсоож амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөж, осол аваар гаргах магадлалтай. Тиймээс аль болох зорчих хэсгийг чөлөөлж, анхааруулах тэмдэг тэмдэглэгээгээ бүрэн байрлуулахыг нийт жолооч нартаа анхааруулж байна. Хэдийгээр тууш зам дээр 80-100 км цаг хурдлах боломжтой гэж байгаа боловч замын үзэгдэх орчин хязгаарлагдсан тахиралдсан хэсгүүдийн баруун гар талд тээврийн хэрэгслийн сонгож явахад тохиромжтой хурдны хэмжээг заан байршуулсан байгаа.
-Түлхүү ямар төрлийн зөрчил бүртгэгдэж байна вэ?
Уг тууш зам ашиглалтад орсноос хойш цар тахалтай холбоотойгоор нисэх онгоцны буудал руу зорчих иргэдийн тоо харьцангуй бага байлаа. Гэсэн хэдий ч жолооч нарын түлхүү гаргаж байгаа зөрчлийг аваад үзэхээр “анх удаа хурдны замаар зорчлоо” хэмээн зураг дарж, бичлэг хийдэг, мөн орох хэсэгт тууш зам гэсэн тэмдэг байсаар байтал унадаг дугуйтай зорчигчид тууш замаар зорчиж, ямар нэгэн гарц байхгүй учраас эргэж урсгал сөрж явах зэрэг зөрчил гаргаж байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу үүнд хариуцлага тооцох ёстой боловч одоогоор жолооч зорчигч нарт анхааруулах, сэрэмжлүүлэх, мэдээ мэдээллээр хангах чиглэлд Тээврийн цагдаагийн алба болон Тээврийн прокурорын газраас анхаарч ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн тууш замын хяналтын тасгийн зохицуулагч, дэслэгч Б.Ариунбат: Зөвшөөрөгдсөн хурднаас 50 хувиас дээш хурд хэтрүүлсэн бол жолоочийн эрхийг гурван сараар хасах хуулийн зохицуулалттай
-Уг авто замыг хурдны зам гэж зарим иргэд ойлгодог. Гэтэл тууш зам, хурдны зам гэсэн ойлголт тусдаа ойлголт юм байна шүү дээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэсэн 32.2 километрийн урттай авто зам бол тууш зам юм. Зарим жолооч нар уг авто замыг хурдны зам гэж ойлгоод байдаг. Хурдны зам, тууш зам гэдэг бол хоёр өөр ойлголт. Тууш замд хурдны дээд хязгаарыг зааж өгдөг бол хурдны замд хурдны доод хязгаарыг зааж өгдөг. Энэ ялгааг манай жолооч нар бүрэн ойлгоогүй байгаа учраас уг замд хурд хэтрүүлэх тохиолдол их гарч байна.
Тууш замын зөвшөөрөгдсөн хурднаас 50 хувиас дээш хурд хэтрүүлсэн бол жолоочийн эрхийг гурван сараар хасах хуулийн зохицуулалттай. Тухайлбал, тууш замд 80-100 километр цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Гэтэл 150 км цаг хурдалсан бол гурван сараар эрхийг нь хасна гэсэн үг. Харин зөвшөөрөгдсөн хурдны 50 хувиас доош хурд хэтрүүлсэн бол 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай. Одоогоор бид зөрчил гаргасан жолооч нартаа тууш замын талаарх ойлголт мэдээллийг өгч, дахин ийм төрлийн зөрчил гарахгүй байхыг анхааруулж байна.
Тууш замын төгсөлд байрлах мөнгө хураах товчоогоор нэвтэрсэн зарим жолооч нараас тууш замын талаарх ойлголт болон хэдэн километр цагийн хурдтайгаар уг замыг туулсныг тодрууллаа.
Энэ үеэр жолооч Б хэлэхдээ “Уг зам дээр хурдны дээд хязгаар 80 км цаг байх ёстой гэж ойлгоод хурдаа түүнд тохируулаад ирлээ. Тэмдэг тэмдэглэгээ сайтай байсан учраас туулахад хүндрэлтэй зүйл байсангүй. Хурдны доод хязгаар нь 60 км цаг гэж ойлгосон. Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын төвшинд нийцсэн хурдны зам ашиглалтад орсонд баяртай байна” гэв.
Мөн жолооч Х хэлэхдээ, “Хурдны замаар давхиад ирлээ. Маш сайхан сэтгэгдэл төрлөө. Яг гадаадын оронд ирчихсэн юм шиг санагдлаа. Ямартай ч доод хурд нь 100 км цаг гэсэн тэмдэглэгээ харсан. Одоогоор цөөхөн машин зорчиж байгаа болохоор 120-130 км цаг хуртай явахад асуудалгүй гэж санагдлаа” гэж ярилаа.
Эх сурвалж: Өдрийн сонин 2021.09.20 Даваа №180(6808) П.Батцэцэг