“Намрын ногоон өдрүүд“ арга хэмжээ эхэллээ
Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээг 2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан арга хэмжээ болох аж.
Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан хүнсний ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна.
Нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд зохион байгуулна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгосон байна. Гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийгтаниулан сурталчилж мэдээлэл өгөх юм. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулах юм байна. Түүнчлэн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.