Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шалгалтын ажиллагааны талаар УЕПГ-аас тодруулахад "Түүнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм.
Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн байна. Одоо шалгах ажиллагаа хийгдэж байгаа" гэв.