Тусгай зөвшөөрлийг 150 саяын хахууль авах хэрэгсэл болгосон БОАЖЯ-ны даргын хэрэг мартагдах нь
Шүүх цагаан захтнуудын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байна уу
Монгол орны байгалийн баялаг, ан амьтныг ашиглан халаасаа зузаалдаг албан тушаалтнууд салбар хариуцсан яаманд нь байдаг талаар барим тавим зүйл хүмүүс ярьдаг ч хууль хяналтын байгууллагынханд баригдсан нь цөөн. Хууль сахиулагчид үйлдлийг нь илчлэн илрүүлсэн ч элдэв аргаар эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнөөг хүрч буй тохиолдол ч байна. Цар тахлын халдвар Монгол Улсад дэгдэхээс ч өмнө шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн цагаан захтнуудын хэргийн нэг төлөөлөл бол дор өгүүлэх БОАЖЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба нарт холбогдох үйлдэл. 2020 оны хоёрдугаар сарын дундуур НПГ-ын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш нэг жил найман сарын хугацаа өнгөрчээ.
Зөвхөн Д.Даваасамба нарт холбогдох хэргээр тогтохгүй төрийн өндөр, дунд албан тушаал хашиж байсан олон хүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцэж чадахгүй өнөөг хүрч буй. Цар тахлын халдвар манай улсад дэгдэхээс өмнө яллагдагч нар, эсвэл тэдний өмгөөлөгчид элдэв шалтаг хэлэн хурал хийлгэхгүй байсан. “Ковид-19”-ийн халдвар Монгол Улсад эрчимтэй тархсанаас хойш хэргийн бүх оролцогч нар халдвар авсан, нэг, хоёрдугаар хавьтагч болсон гэсээр шүүх хурлаа хийлгэхгүй, гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхгүй байгаа юм. Ийм маягаар хойшлуулж буй хурал олон. Тухайлбал, БОАЖЯ-ны албан тушаалтан оролцсон, Мянган угалзатын нуруунд гянтболд олборлож, зохион байгуулалттай бүлэглэл байгуулан хээл хахууль өгч, аван хилээр гаргасан Ховдын “мафийн”-хны буюу УЕПГ, Хууль зүйн яаманд эрх бүхий албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү тэргүүтэй 30 хүнд холбогдох хэргийг дурдаж болно. Шүүхэд шилжсэнээс хойш шийдвэрлэлгүй удаж, дээд амжилт тогтоож буй нэг хэрэг бол Улаанбаатар хотын Засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл, түүний хүү Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп”-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр тэргүүтний албан тушаалаа ашиглаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн үйлдэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил өнгөрлөө. Энэ хооронд Э.Бат-Үүл 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж байсан бол өдгөө УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нэрээ дэвшүүлчихээд байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нөмрөг дор орохоор зүтгэж буй.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болсноор У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байсан ч тэр шөнөдөө өөрчлөгдсөн, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг гэх зэрэг олон хэргийг шүүх шийдвэрлэж чадахгүй бүтэн жил тойрч байгаа билээ. Цар тахлын халдвар, шүүх танхимын хүрэлцээ, оролцогчид элдэв арга мэх хэрэглэн хойшлуулсаар шүүн таслах ажиллагаа саатаж байна гэхэд хилсдэхгүй. Магадгүй Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах гэж яллагдагч, шүүгдэгч нар элдэв арга хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Шүүх бушуухан шийдвэрлэх сонирхолтой хэргийн хурлыг холбогдогчдынх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байгаад ч болов хийчихдэг юм билээ. Харин дээр дурдсан хэргүүдийг яагаад шуурхай шийдвэрлэх хүсэл сонирхолгүй, хуулийн цоорхой ашиглан бүтэн жилээс дээш хугацаанд хойшлуулаад байдаг юм бол оо. Магадгүй цагаан захтай албан тушаалтнууд холбогдсон эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахыг хүлээж авлигачдад ял завшуулах боломж бүрдүүлэх гээд байгаа юм биш үү. Цаашид ч цагаан захтнууд элдэв аргаар эрүүгийн хариуцлагаас зайлсхийхийг оролдох магадлал өндөр тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүх хурлыг нь хурдан хийлгэж гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлдэг болгоход анхаарах шаардлагатай байна.
Зөвлөх нь сайдынхаа тушаалыг зөрчиж хахууль авсан гэв үү
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамбатай хамт тус яамны хэд хэдэн албан тушаалтан болон нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлагын гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэхээр хурал товлодог боловч хойшлуулсаар. Түүнтэй хээл хахуулийн хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр тухайн үеийн нэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав нарын үйлдлийг дэнслэхээр болоод буй. Энэ хүмүүс ямар хэрэг өдүүлсэн талаар энд товчлон хүргэе.
Ойн дагалт баялаг ашиглах, самар савлаж борлуулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр нар хамтран тус компанийн нэр дээр Сибирийн хуш модны самрын идээ буюу чөмөг 30 тн, яс 600 тн-ыг экспортлох зөвшөөрөл гаргуулахаар болсон аж. Үүний тулд их хэмжээний мөнгө албан тушаалтнуудад өгөхөөр төлөвлөжээ. Хахуульд өгөх мөнгөний эх үүсвэр нь БНХАУ-ын иргэн Чен Бин Монголоос самар худалдан авахын тулд дээрх компанийн дансанд шилжүүлсэн нэг тэрбум төгрөг байсан бололтой.
Юуны түрүүнд улсын тэмдэгтийн хураамжид төлөх их хэмжээний төлбөрөөс зайлсхийх, БОАЖЯ-ныхны хяналт, шалгалтаас холуур өнгөрөхийн тулд албан тушаалтнуудад мөнгө атгуулах нь зөв гэж тооцож. Улмаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Баярхүүд 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд Хан-Уул дүүргийн нутагт 40 сая төгрөгийг Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав болон түүний эгчээр дамжуулан өгсөн аж. Уг нь иргэн С.Зоригтбаатар, Г.Пүрэвбаяр тэргүүтэй “Оюуцагаан барс” ХХК-ийн төлөөлөл 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд самрын идээ экспортлох зөвшөөрөл хүсэн материалаа бүрдүүлж өгөөд байсан гэнэ. Гэвч баримт материалын бүрдүүлбэр дутуу, экспортод гаргах гэж буй самрын идээг газар дээр нь очиж шалгана гэх зэргээр шалтаглан хясан боогдуулах замаар С.Баярхүү тэргүүтэй албан тушаалтнууд хахууль нэхэж. Тиймээс С.Зоригтбаатар, Г.Пүрэвбаяр нараас 40 сая төгрөгийг төрсөн эгч П.Нандинцэцэгээрээ П.Бүнчинжав дамжуулан авч, 20 саяыг нь С.Баярхүүд бэлнээр өгсөн гэнэ. 30 тн самрын идээг Монгол Улсын хилээр гаргасны дараа дахиад 20 саяыг өгөхөөр тохиролцсон хэрэгт холбогдсон байна.
Харин БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбад түүний найз Б.Хангайгаар дамжуулан 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд 150 сая төгрөг Хан-Уул дүүргийн нутаг, МҮХАҮТ-ын байрны дэргэд өгчээ. Үүнийх нь хариуд Д.Даваасамба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 29-ний 199 дүгээр тогтоолд заасан “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөгөөр тооцож тэмдэгтийн хураамж төлүүлэх”, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны аравдугаар сарын 28-ны А/81 тоот Байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохтой холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих тушаалыг зөрчжээ. Ингээд “Оюуцагаан барс” ХХК-ийн экспортлох гэж буй хуш модны самрын ясыг газар дээр нь очиж танилцах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар болсон аж.
Тэгвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмонгийн үйлдэл нь дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах зөвшөөрөлтэй холбоотой. Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамал түүж боловсруулах, тарималжуулах гэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг “Цагаанбиндэръяа” компанийн захирал Д.Эрдэнэчимэг 35 тн ургамлын үндэс хилээр гаргах зөвшөөрөл БОАЖЯ-наас авахаар бичиг баримт бүрдүүлэн өгчээ. Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй байхыг урьтал болгосон гэнэ. Энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд дээрх компанийн төлөөлөл болсон С.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс сайдын зөвлөхөд 2016 оны нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн нутаг, “Саруул” захын орчимд 65 сая төгрөгийн хахууль өгөв. Уг нь сайдынх нь 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны А/445 дугаартай тушаалын хүрээнд дээрх 35 тн дэрвэгэр жиргэрүүгийн улсын тэмдэгтийн хураамж нь 105 сая төгрөг улсын төсөвт орох учиртай байжээ. “Цагаанбиндэръяа” компанийн захирлаас П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр нар уг нь 105 сая төгрөг авсан атлаа улсад тушаалгүй 65 саяыг нь дээрх албан тушаалтанд өгч, 40 саяыг нь завшсан гэж буруутгаж буй юм билээ.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлд хамруулах 2000 ялтны тоонд дүүг чинь оруулж өгнө”
БОАЖЯ-ны дээрх албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас бусдын их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Бусдыг залилсан үйлдэл нь “Оюуцагаан барс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр нартай холбоотой аж. “Оюуцагаан барс” ХХК-ийнхан БОНХАЖЯ-наас зарласан “Хураагдсан хуш модны самрыг худалдан авах” тендерт оролцож, худалдан авах ажиллагаанд шаардагдах урьдчилгаа төлбөрийн нэг тэрбум төгрөгийг БНХАУ-ын иргэн Чен Бинээс шилжүүлэн авчээ. Харамсалтай нь яам, дээрх компанийн хооронд байгуулсан гэрээ аль нэг талаас нь шалтгаалан хэрэгжих боломжгүй болж, яамныхан нэг тэрбум төгрөгийг Ц.Анхбаярын Хаан банкны данс руу нь 2016 оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн юм байна. Гэвч “БОНХАЖЯ-наас урьдчилгаанд төлсөн нэг тэрбум төгрөгөө авч чадахгүй байна” гэж өмнөд хөршийн түншээ мэхлэн нэг тэрбум төгрөгийг нь үрэн таран хийж хохироосон хэрэгт холбогджээ.
Энэ хэргийн нэг холбогдогч П.Дэлгэрмөрөнгийн хувьд олон удаагийн үйлдлээр бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан нэгэн бололтой. Ингэхдээ Төрийн тэргүүнийхээ, ШЕЗ-ийн даргын нэрийг хүртэл ашиглаж байж. Тухайлбал, иргэн Д.Б-г мэхэлж “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2000 ялтанд өршөөл үзүүлэх гэж байна. Дарьтын хорих ангид ял эдэлж байгаа хамаатны дүүг чинь энэ хүмүүсийн тоонд оруулж өгнө” хэмээн 30 сая төгрөг 2016 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг, “Урбанек” төвийн дэргэдэх “Золо” ресторанд авсан гэнэ. Мөн “2016 оны сонгуулийн дараа БСШУЯ-нд ажилд орох гэж байгаа. Миний нэг найз МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал Лүндээ гэж хүн бий. Кредитийн зөрүү төлөх замаар Хууль зүйн сургууль руу шилжүүлж өгнө” гэж иргэн Х-гээс хоёр сая төгрөг залилсан байна. АНУ-ын виз гаргуулж өгнө гэж нэг бус удаа бусдыг залилсан бол гаалийн байгууллагад хүн ажилд оруулна, төрийн байгууллагын тендерт нөлөөлж авч өгнө гэх мэтээр залилан мэхэлсэн цөөнгүй үйлдлийг нь хууль сахиулагчид шалгаж тогтоожээ. Жишээ нь барилга угсралтын “Дөрвөн Сүвжид” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 16 давхар барилга барих эрхтэй болгож өөрчлөлт оруулна”, “Хараагүйчүүдэд зориулсан барилга барих сонгон шалгаруулалтыг тендерийн үнэлгээний хороонд нөлөөлөх замаар авч өгнө” гэх зэргээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхныг хохироосон хэмээн буруутгаж буй юм билээ.
Г.РАВЖАА
Эх сурвалж: Өнөөдөр сонин